Б.Жаргалсайхан: ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ БУУРУУЛЪЯ
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ БУУРУУЛЪЯ...
Монгол банкны мэдээгээр 13 их наяд 139 тэрбум төгрөг арилжааны банкуудын хадгаламжинд байгаа юм. 13 их наядыг задлаад харахаар 80 хувь нь иргэдийн хадгаламж байдаг бөгөөд 200 орчим том харилцагч 90 хувийг эзэлдэг гэсэн байна. Тэгэхээр 200 орчим том хадгаламж эзэмшигч 15 хувийн хүүтэйгээр мөнгөө хадгалуулсан болж таарлаа.
Эдгээр том хадгаламж эзэмшигч нарын мөнгөн дээр арилжааны банкууд амьдарч байгаа учраас бизнесийн зээлийн хүү 25-30 хувь байдаг. Бизнесийн зээл эрэлт ихтэй учраас хүү нь өндөр, хугацаа богино болохоор үйлдвэр байгуулах ямар ч боломжгүй юм. Ийм учраас хадгаламжинд хэвтэх 13 их наядыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэлхийн жишигт ойртуулан 0.1-1 хувийн хүүтэй болгох шаардлагатай. (100 саяаас дээш хадгаламжийг хүүг бууруулахаас эхлэнэ)
Ихэнх иргэд банкинд өндөр хүүтэй мөнгөө хадгалуулаад хүүгээр нь амьдрах систем руу шилжсэн нь санхүүгийн буруу жишиг юм. Монгол Улсын санхүүгийн систем буруу явж байгааг илтгэх учраас хадгаламжийн хүүг буулгах арга механизм руу явах цаг болжээ. Монгол банк арилжааны банкуудыг удирдах биш тэдний нөлөөнд байдаг учраас Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар хөдлөх цаг болжээ.
Арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулж гэмээнэ бизнесийн зээлийн хүү буурах бололцоо бүрдэнэ. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол банкинд нөлөөлөх, хадгаламжийн хүүг бууруулах эрхзүйн орчинг бүрдүүлэх эрх мэдэл бүхий албан тушаалтан. Монгол банкны эрх мэдэлтнүүд огт хөдлөхгүй юм билээ. Хадгаламжийн хүүг бууруулах аваас эзэмшигч ашиггүй шахам байлгахгүйн тулд мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах ядахнаа хувьцаа худалдан авч нийгмийн амьдралд оролцох болно.
Арилжааны банкууд гадны томоохон банк, хувь иргэдээс зээл авч Монгол улсад хүүлдэг тогтолцоо бий болжээ. Банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэрэг орон нутгийн чанартай “дээрэмчид” бий болоод өдрийн зээл, цагийн зээл хүртэл гаргаж иргэдийн урхидан тарчлаан зовоож буйг Г.Занданшатар зогсоох оролдлого хийх болов уу гэж найдна. Тэрээр зээлийн хүүг бууруулах стратегийн тогтоол гаргасан. Энэ тогтоолын хүрээнд тодорхой ажлууд хийгдэх учиртай юм.
Хадгаламжийн хүүг бууруулах аваас арилжааны банкууд дампуурна гэх айдас улс төрчдөд бий. Үүнээс нэг их айх хэрэггүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Б.Ундармаал 11 хүүтэй хадгалуулж байхад тэрээр ахмадуудад 18 хувийн тэтгэврийн зээл олгож байсан нь шударга ёс уу. Хүүг бууруулж зарим арилжааны банкуудын үнэн нүүр царайг ил гаргахаас гадна их цэвэрлэгээ хийгдэх сайн талтай юм. Санхүүгийн орчинд дээрэмчин сэтэхүй байгаа цагт хөгжил дэвшил, үйлдвэрлэл ярих нь илүүц.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.