Л.Оюун-Эрдэнэ: 12 сарын 27 ны өдрийг би хэзээ ч мартахгүй...

Л.Оюун-Эрдэнэ: 12 сарын 27 ны өдрийг би хэзээ ч мартахгүй...

12 сарын 27 ны өдрийг би хэзээ ч мартахгүй...

Хоёр жилийн өмнөх энэ өдөр жавар тагчигнасан хүйтэн байсан.

Сүхбаатарын талбай дээр 30 хэмийн хүйтэнд 30.000 монголчууд цуглаж, өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлыг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон эрх ашиг, эдийн засгийн бүлэглэлд Үгүй!!! гэж хэлсэн юм.

Амаргүй ч энэ тэмцэл үргэлжилсээр, бас алхам алхамаар урагшилсаар байгаа!

Ордон дотроос сааралтан сульдсан тэмцэл, олон нийтийн дуу хоолойтой нийлж урагшилсан өдөр юм. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг хууль бусаар алдагдсан баялгаа Монголын төр эргүүлж авах суурь тавигдсан юм.

Хөгширч гүйцсэн саалийн үнээ гэж ярьдаг байсан Эрдэнэт үйлдвэр 2020 онд түүхэндээ анх удаа улсад Нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, иргэд аж ахуйн нэгжийн дулаан цахилгааны үнийг татварын дараах цэвэр ашгаараа хариуцдаг болох эхлэл ч энэ өдрийн тэмцлийн үр дүн юм шүү. Цаашид бүр олон зүйл өдөр өдрөөр тодорхой болох болно. Энэ ажлууд хийгдэж байгаа.

Оюутолгойн хэлэлцээрт Засгийн газар хөрөнгө оруулагч талын лоббигоор биш Монгол улсад үр өгөөжтэй байх Улсын Их Хурал, Засгийн газрын байр суурь ч энэ өдөр л эхлэсэн юм.

Сүхбаатарын талбайгаа хүртэл алдчихаад байсан төр энэ өдөр төв талбайгаа эргэж эзэмшсэн юм. Одоо хэлэхэд амархан ч тухайн үедээ амаргүй нөхцөл байдал өрнөж байсныг та бүхэн санаж байгаа бизээ.

Монголбанк, Хөгжлийн банкыг өөрсдийнхөө хэтэвч мэтээр аяглаж ямар ч хяналтгүйгээр дураараа ашигладаг байсан. Энэ бүх үнэнийг ард түмэн мэдсэн өдөр юм.

Монгол улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Шүүх засаглалыг хараат бус болгох өнөөдөр хэлэлцэгдэж байгаа хууль ч энэ тэмцэлгүйгээр эхлэх боломжгүй байсан юм.

Хэдхэн хоногийн дараа Бид шинэ оноо угтах гэж байна. Дэлхий даяар цар тахалтай амаргүй хүнд нөхцөлд хамтдаа тэмцэж байгаа ч ирж буй 2021 онд хүн төрөлхтөн энэхүү тахлыг даван туулж, шинэ энгийн амьдралын хэв маягт шилжинэ гэдэгт итгэж байна.

Төв талбай дээрээ цуглаж хамтдаа эхлүүлсэн шинэ 30 жилийн төлөвлөгөө болох “Алсын хараа-2050” хэрэгжиж эхлэх эхний он 2021 он байх болно. Орон сууцны, банк санхүүгийн, дэд бүтцийн, шүүхийн, нутаг дэвсгэрийн олон суурь өөрчлөлт эхлэх жил байх болно.

Тэр өдөр хамт байсан хүн бүхэнд баярлалаа. Та бүхний итгэл тээж хамтдаа тэмцсэн тэмцэл, гал мэт цоргисон харцыг хэзээ ч мартахгүй ээ.

Амьдрал минь дуусч, амьсгал минь тасрах өдрийг хүртэл би үзэл бодолдоо тууштай бөгөөд үнэнч байсаар байх болно!

Шинэ жилийн мэнд хүргэе!

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.