БЗД-ийн эмнэлэгт 6, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол нэмэгдлээ

БЗД-ийн эмнэлэгт 6, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол нэмэгдлээ

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд холбогдох лабораториудад 8416 хүнд PCR шинжилгээ хийхэд найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тэдгээрийн зургаа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой хамааралтай бол хоёр нь Германаас буюу Франкфурт хотоос ирсэн зорчигчид ажээ. Энэ хоёр хүн Герман, Унгараас ирсэн байна. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс кластерлан гарсан коронавирусний халдварын тохиолдол 32 хүрлээ. 

Орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Мөн өмнө бүртгэгдэж байсан голомтолсон халдваруудын хавьтлуудан давтан шинжилгээнд халдвар илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд дотоодын халдварын тоо 500 хүрч, зөөвөрлөгдсөн 461, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961 боллоо. Үүнээс 09 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс 24-48 цагийн дотор шинжилгээ авч байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг гадаадын улс оронд байхдаа халдвар авсан байна гэж үзнэ. Улаанбаатар хотод том том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Энэ цаг үед гаднаас халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүний тоо хэдий олон болно төдий чиний иргэдийн дунд халдвар авах магадлал нэмэгдэнэ. Дотоодын голомтыг хязгаарлаж, цомхотгож байгаа цаг үед гаднаас халдвар нэмэгдэж ирвэл мэргэжлийн байгууллагуудад хүнд тусна. Үүнийг цааш цаашдаа анхаарах байх" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.