Японд онц байдал зарлах эсэхийг хэлэлцэнэ

Японд онц байдал зарлах эсэхийг хэлэлцэнэ

Японы Чиба, Сайтама, Канагава мужуудын эрх баригчид онцгой байдал зарлахыг Засгийн газартаа уриалахаар төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг  эх сурвалжуудаасаа иш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэдний хамтарсан хүсэлтийг нэгдүгээр сарын 2-нд буюу өнөөдөр Японы Эдийн засгийг сэргээх сайд Ясүтоши Нишимура, Токио хотын захирагч Юрико Коикэ нарыг уулзах үеэр танилцуулах аж. Юрико Коикэ онцгой байдлын дэглэм тогтоохыг дэмжиж байгаа юм. Токиогийн удирдлагууд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдал зарлахыг Засгийн газраасаа хүсэхээр төлөвлөж байгаа тухай "Nikkei сонин" урьд нь мэдээлжээ. Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байвал онцгой байдлын дэглэм тогтоож магадгүй гэж Нишимура 12 дугаар сарын 31-нд “Twitter” хуудсандаа мэдээлсэн юм. Коронавирусний тархалтын байдал Японд 11 дүгээр сарын эхэн үеэс улам дордсон бол 12 дугаар сард өдөрт илэрсэн халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлт тогтмол нэмэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 239 мянга гаруй хүн халдвар авч, 3500 гаруй өвчтөн нас барсан байна. Халдварын тархалтыг хумих зорилгоор Японы эрх баригчид дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрөө нэгдүгээр сарын 11 хүртэл зогсоож, том хотуудын нийтийн хоолны газруудын эздээс ажлын цагаа багасгахыг хүсжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.