Токио хотод даваа гарагт халдварын 1219 тохиолдол шинээр илэрсэн
Япон коронавирусний цар тахлын улмаас онцгой байдал тогтоосон бүсэд Осака, Киото, Хиого мужийг нэмэн өргөтгөх эсэхээ энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэж тус улсын Засгийн газар, эрх баригч намын эх сурвалжууд мэдээлжээ.
Токиогийн бүсэд өнгөрсөн баасан гаргаас хэрэгжиж эхэлсэн онцгой байдлыг өргөтгөхийг баруун нутгийн дээр дурдсан гурван мужийн захирагчид төв Засгийн газраас хүсжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, уг шийдвэрийг лхагва гарагт гаргаж магадгүй байгаа ажээ.
Үүнээс гадна Аичи, Гифү мужийн захирагчид хамтран Засгийн газарт ижил хүсэлт гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Японд даваа гарагт коронавирусний халдварын 4800 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо өсөх болсон нь эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Мөн нийслэл Токио хотод даваа гарагт халдварын 1219 тохиолдол шинээр илэрсэн байна. Токиод энэ сарын 5-наас хойш халдварын тохиолдлын тоо өдөрт дөрвөн оронтой тоогоор нэмэгдэх болжээ. Түүнчлэн Осакад халдварын 480, Хиогод 150, Киотод 142 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ням гарагт телевизээр үг хэлэх үеэрээ тус гурван мужийн нөхцөл байдал түгшүүртэй байгааг дурдаад, Засгийн газар шаардлагатай тохиолдолд нэн даруй хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгджээ.
Халдварын тархалтыг хяналтад авахын тулд онцгой байдал тогтоосноор Засгийн газар аль болох гэртээ байхыг ард иргэддээ уриалах, кафе, зоогийн газруудаас ажиллах цагаа багасгахыг орон нутгийн эрх баригчдаас хүсэх боломж бүрддэг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон 47 мужийнхаа заримд онцгой байдал тогтоож, хожим нь улс даяар болгон өргөжүүлсэн бөгөөд тавдугаар сарын сүүлээр цуцалсан юм.
С.Ёшихидэ Токио, Чиба, Канагава, Сайтама мужийн эрх баригчдын хүсэлтийн дагуу тэдгээр мужид нэг сарын хугацаатай онцгой байдал тогтоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.