Их Британид анх илэрсэн коронавирусний “B117” хувилбар 50 улс оронд илэрчээ
Их Британид анх илэрсэн коронавирусний “B117” хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 50 улс оронд болон Хонконг, Тайваньд илэрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. Уг хувилбар бусад төрлөөсөө илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгааг мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлснээр, “B117” хувилбар 2020 оны 12 дугаар сарын 14-нд анх илэрснээсээ хойш 50 улс оронд, тодруулбал ДЭМБ-ын зургаан бүс нутгийн тавд илэрчээ. Английн хувьд бүх бүс нутагт нь илэрсэн байна. Мөн Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбар 20 оронд бүртгэгдээд байгааг ДЭМБ мэдээлжээ.
“Вирусууд байнга өөрчлөгдөж байдаг тул шинэ хувилбарууд гарч ирэх нь тодорхой байна. Зарим мутаци вируст огт нөлөөлдөггүй байхад зарим нь сөргөөр нөлөөлж, цөөнх нь “давуу тал” бий болгодог" гэж ДЭМБ мэдэгдсэн байна.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн мэдээлснээр, Их Британид анх илэрсэн хувилбар Нью-Йорк, Калифорни, Флорида зэрэг 11 муж улсад илэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.