КОВИД-19 | Амазон компанийн ажилтнаас халдвар илэрчээ
АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод байрлах Амазон компанийн салбарын ажилтнаас коронавирус илэрсэн тухай Вашингтон мужийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Амазон компанийн Сиэтл дэх төв байрны удирдлагуудын мэдээлснээр дээрх өвчтөн хоёрдугаар сарын 25-нд коронавирусээр оношлогдсон бөгөөд үүнээс хойш ажилдаа ирээгүй аж.
Гэвч компанийн төв байр нь Сиэтл хотын хөл хөдөлгөөн ихтэй төвийн хэсэгт, тэр дундаа Есдүгээр өргөн чөлөөнд байрладаг тул ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд эхэлжээ.
Сиэтл дэх салбарын удирдлагууд вирусээр өвчилсөн ажилтантай ойрын хугацаанд харьцсан, хамт байсан хүмүүсийг тогтоон хотын эмнэлэгт шинжилгээнд хамруулсан байна.
“Ойр харилцаатай байсан, хамт байсан эрсдэлтэй хүмүүсийг тогтоон шинжилгээнд хамруулж, 14 хоног тусгаарлуулсан. Шинжилгээгээр вирус илрээгүй, халдвар дамжих эрсдэл бага гэж гарсан. Гэхдээ ажлын хэвийн урсгалаа хангахын тулд дээрх ажилчдыг гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангасан” гэж Амазон компанийн Сиэтл дэх салбарын Олон нийттэй харилцах хэлтэс CNBC телевизийн сувагт мэдээлжээ.
Сиэтл хот дахь Амазон компанийн байранд үүссэн нөхцөлтэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тухай бүрд нь авсан байна.
АНУ-ын Вашингтон мужид одоогийн байдлаар 27 хүн коронавирусээр оношлогдож, есөн хүн амь насаа алджээ. Вашингтон мужийн Эрүүл мэндийн газраас вирусний шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй 231 хүнд үзлэг, шинжилгээ хийсэн байна.
Эх сурвалж: CNBC
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.