Дэлхий дахинд коронавирусний халдвар тууштай буурч байгаа
Монгол мэдээ
Огноо 2021-02-09
Дэлхий дахинд коронавирусний халдвар тууштай буурч байгаа талаарх сайн мэдээг ЭМЯ-наас өглөө.
ДЭМБ-аас гаргасан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудад халдварын тохиолдол сүүлийн 14 хоногт 15 хувиар буурч байгаа аж. ОХУ-д гэхэд өдөрт 5000-6000 тохиолдлоор буурчээ. Манай улсад хэдийгээр тархалт өндөр байгаа ч хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-д өвчлөл буурах хандлагатай байгаа нь үүнээс харагдаж байна гэлээ.
Эрдэмтэн судлаачид халдварын тохиолдол буурч байгаа нь дараах дөрвөн шалтгаантай холбоотой гэж үзжээ. Дэлхийн нийт хөл хорионы арга хэмжээг сайн хэрэгжүүлж, ард иргэд, олон нийт урьдчилан сэргийлэх арга барилыг сайтар эзэмшсэн, амьдралын шинэ хэв маягийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Тодруулбал, амны хаалт зүүх, гараа угаах, зайгаа барих зэргийг өөрийн амьдралын бодит үйлдэл болгож буй нь өвчлөл бууруулахад нөлөөлж байна. Дэлхий нийтэд хөл хөдөлгөөн бууруулж, бүх үйлчилгээг цахимаар хийж байгаа нь тархалт бууруулахад мөн нөлөөлжээ.
Хамгийн таатай мэдээ нь коронавирусний вакцин үр дүнгээ өгч эхэлжээ. Дэлхийд нийт 73 улсад 134 сая хүн вакцин хийлгэжээ. Халдвар авсан хүний тооноос вакцин хийлгэсэн хүний тоо нэмэгдсэн байна. Израйл улс хүн амын 50 хувиа хамруулсан бол АНУ-д хийсэн судалгаагаар асрамжийн газарт 12 сард вакцин хийлгэсэн ахмадуудын өвчлөл 48 хувиар буурчээ. Англи улсад дархлаажуулалтын үр дүн гарч эхэлжээ. Тийм учраас вакцин хийлгэсэн хүнийг пасспортжуулах, аялал жуулчлалд вакцин хийлгэсэн гэх гэрчилгээг шаардах үйл явц өрнөж эхэлжээ. Цаашдаа вакцины гэрчилгээг дэлхий нийтэд цахимаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байна.
Гэвч дархлаажуулалтын талаар буруу ташаа мэдээлэл гарч байна. Вакцины эсрэг үзэлтэй хүмүүс буруу мэдээлэл түгээх нь дархлаажуулалттай зэрэгцэн эрчимжиж байгааг мөн тодотголоо. Тиймээс олон нийтийн сүлжэнд буруу мэдээллийг устгаж, тайлбарлах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.