Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг хангахаар тохиров

Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг хангахаар тохиров

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг өнөөдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

“COVID-19” цар тахалтай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг Элчин сайд Х.Кобаяши онцолж, энэхүү хүнд нөхцөлд манай хоёр улс ойр дотно хамтран ажиллаж, Стратегийн түншүүд гэдгээ батлан харуулсаар байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад цар тахалтай тэмцэхэд үнэ цэнэтэй дэмжлэг, туслалцаа олгож байгаад талархал илэрхийлээд, нэн ялангуяа Япон улсын Засгийн газраас “COVID-19 цар тахлын эсрэг арга хэмжээний яаралтай зээл”, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламж олгосон нь цаг үеэ олсныг онцлов.

Талууд Монгол, Японы харилцааг дараагийн дөрвөн жилд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тохирох, дипломат харилцааны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахаар тохиров.

Мөн "COVID-19" цар тахлын нөхцөл байдал намжих үед эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг сэргээх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд одооноос ажиллахаар ярилцав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.