Монголын хоккейчид өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглоно

Монголын хоккейчид өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглоно

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ний Эрхүү хотноо болж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ний B хэсгийн хагас шигшээ тоглолтод Унгарын баг Словакын шигшээтэй тоглож 5:0-ээр хожсон бол Монголын шигшээ Украины багтай тоглож 1:3-аар хожигдож өнөөдөр хүрэл медалийн төлөө Словактай тоглохоор болов.


Пүрэв гарагийн өдөр 12 цагаас Унгар, Словакийн багууд талбайд гарч, Унгарын шигшээ 5:0-ээр хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарсан юм. ДАШТ-ний хэсгийн тоглолт 30 минутаар 2 үе тоглосон бол хагас шигшээ тоглолтууд 45 минутаар 2 үе тоглов.


Энэ өдрийн 14 цаг 30 минутаас Монголын шигшээ баг, Украин улсын шигшээтэй тоглож 27 дахь минутад Украины Михаил Александров анхны гоолыг  оруулсан. Хоёр баг эн тэнцүү тоглосон бөгөөд дэгээдэх, цохиураар цохих зэргээр торгуулийн хугацаа ихтэй, ширүүн өрсөлдөөнтэй тоглолт боллоо.


Хоёрдугаар үед Монголын багийн ахлагч Г.Тамир 10 минутын торгуультай байх үед Украины баг 12 метрийн цохилт хийсэн боловч хаалгач Б.Мөнхболд амжилттай хааж чадлаа. Харин тоглолтын 63 дахь минутад Михаил Скалицкий гоол хийж, тооны харьцаа 0:2 болж, цаг явсаар 75 дахь минутад Монголын баг тайм-аут авлаа. Багийн ахлагч Г.Тамир 76 дахь минутад гоол оруулж, тооны харьцаа 1:2 болсон ч 82 дахь минутад М.Скалицкий гоол оруулснаар 1:3-аар тэргүүллээ бататгаснаар ялах нь тодорхой болсон юм. Монголын шигшээд гоол хийх боломж гарахгүй байсаар цаг дуусав.


Өнөөдөр алтан медалийн төлөө 15 цагаас Унгар - Украины шигшээ багууд тоглоно. Харин хүрэл медалийн төлөө 12 цагаас Монгол шигшээ баг, хэсгийн тоглолтод 4:0-ээр хожиж байсан Словакын шигшээ багтай дахин өрсөлдөнө.


Тус тэмцээний тавдугаар байрны төлөө Нидерланд - Латви, долдугаар байрны төлөө Япон - Чех, есдүгээр байрны төлөө тоглолт Швейцар - Сомалийн шигшээ багууд өрсөлдөнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.