Зээл тэглэнэ гэж БУРУУ ОЙЛГООД БАЙНА
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Энэ тогтоолын төслийн талаар олон нийтийн дунд "гадны сургуульд төрийн сангийн зээлээр сурсан албан тушаалтнууд болон гишүүдийн хүүхдүүдийн өрийг тэглэх гэж байна" гэх ойлголт түгээд байна.
Энэ талаар БСШУСЯ-ны эх сурвалжаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
-Зээл тэглэнэ гэж буруу ойлгож байна. Зээл тэглэх асуудал байхгүй. Амьжиргааны түвшин доогуур, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон, өнчин өрөөсөн хэрнээ сургалтын чанар сайтай төгссөн, төгсөөд 5-аас доошгүй жил эх орондоо ажиллаж дүрэм журмаа биелүүлсэн иргэдэд сангийн өөрийнх нь дүрэм журамд заасны дагуу УИХ-аар батлуулж ДИПЛОМЫГ нь олгох саналаа өглөө. Тэдний зээлийн асуудал журмынхаа дагуу дуусгавар болж байна. Гадны сургуулийн зээл тэглэх, сургалтын зээлийг нэг удаа тэглэх, гишүүдийн хүүхдүүдийн өрийг тэглэх гэх мэт агуулга байхгүй болно.
УИХ-д өргөн барьсан Журмын төсөлд дараах асуудлыг тусгасан байна.
-Сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
-Зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
-Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
-Эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
-Иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
-Сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.