Допинг хэрэглэсэн бөхчүүд 100 жилийн ойгоор барилдана

Допинг хэрэглэсэн бөхчүүд 100 жилийн ойгоор барилдана

Жил бүр Үндэсний их баяр наадмын барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Өнгөрсөн жилийн Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад, Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан О.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших  нарын гурван бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн.

Шинжилгээгээр Улсын аварга Н.Батсууриас нэг, Улсын арслан О.Пүрэвдагва болон Улсын харцага Б.Бат-Орших нараас тус тус гурван төрлийн бодис илэрсэн бөгөөд эдгээр бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ингээд Баяр наадмын тухай хуульд заасны дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэрийг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргаснаар дээрх бөхчүүд энэ оны зургаадугаар сар хүртэл барилдах эрхгүй болоод байсан билээ.

Дээрх үйлдэлдээ Улсын аварга Н.Батсуурь албан ёсоор уучлалт гуйж, дахин “B” сорьц өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн эдгээр бөхчүүдийн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлээд байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал, бөхчүүдийн сорьц баталгаажуулах шинжилгээг БНСУ-руу явуулсан ч одоог хүртэл хариу ирээгүй байгаа учир, допинг хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэн хэргийг хааж, хэрэгсэхгүй болгожээ.  

Ингэснээр Н.Батсуурь нарын бөхчүүд энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах эрхтэй болж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.