Н.Энхбаяр: Том зорилгын төлөө МАН, МАХН нэгдэх нь буруугүй.

Н.Энхбаяр: Том зорилгын төлөө МАН, МАХН нэгдэх нь буруугүй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Б.Тулга нар "Зууны мэдээ" мэдээллийн төвд өнөөдөр /2021.03.12/ хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр МАН, МАХН нэгдэх эсэх асуудлаар түүний байр суурийг тодрууллаа. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: 

-УИХ болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах хэрэгтэй. Хуулийн байгууллагынхантай холбоотой асуудлыг алдаа гаргасан бол засаж,   шалгах хэрэгтэй. Гадаадын байгууллага ажлын албаар нь дамжуулж, ҮАБЗ-ийг гартаа оруулах нөхцөл үүсэхээр байна. Бидний шаардлагыг хүлээж аваад шийдэхгүй бол УИХ-ыг ажиллахаас өөр аргагүйд хүргэж, улс төрийн хүчин, иргэний нийгэмийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.Шүүхийн асуудлыг МАХН тасралтгүй ярьж байгаа. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютерээс алдагдсан схем хууль, шүүхийнхнийг ямар гэдгийг нотлоод өглөө.

Шүүхийн болон ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу шударга байлгахын тулд дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  1. УИХ-аас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж, нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтнуудын гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх, 
  2. Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг маргааныг шийдвэрлэх шинэ нөхцөл байдал үүссэн үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,
  3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад холбогдох гомдол ирээгүй хэмээн хаацайлж байгаа ШЕЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, 
  4. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагын ажилчдыг шалгуулах, харин үндэслэлгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэхийг хүсэж, УИХ-ын дарга Г.Заншатарт шаардлага хүргүүлж байна.

-МАН, МАХН нэгдэх асуудал яригдаж эхэллээ. Энэ үнэн үү?

-МАН, МАХН бол 100 жилийн түүхтэй намууд. МАНАН гэдэг үзэгдэл биднийг хоёр хуваасан. МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэнэ гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Бидний зорилго нэг учраас ойртож ажиллах тохиролцоонд хүрч, үүнийгээ хуйвалдааны маягаар биш, соёлтой байдлаар явуулахаар хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Манай намаас Б.Тулга дарга, МАН-аас Г.Амарбаясгалан нар ажлын хэсгийг ахалж байгаа. Манай намаас байгуулагдсан ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй, Ардын намынх есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад явж байна. МАН, МАХН байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож, МАНАН бүлэглэлийн эсрэг ажиллана гэдгээ урьдчилсан байдлаар тохирсон. 

-Хоёр нам нэгдэж сонгуульд орсны хариуд СХД-т Э.Батшугарыг гишүүн болгох тохироо хийсэн гэх таамаг улс төрийн хүрээнээс гарч байна. Үнэхээр ийм тохироо хийгдсэн үү?

-Сонгуулийн тойрог дээр ярьсан зүйл байхгүй. Д.Сумъяабазар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн байж байгаад хотын дарга болсон нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа учраас таамаг дэвшүүлж байгаа байх. Бид 100 жилийн ойг хоёр намын баяраас гадна Монгол Улсад улс төрийн хүчин байгуулагдсаны 100 жилийн ой гэж үзэж байгаа учраас бүх улс төрийн намуудын баяр гэж хүндэтгэж байгаа. Улс төрийн намуудын нэр хүнд сүүлийн үед унасаар байна. Ялангуяа Ардын нам, Ардчилсан намтай холбоотой шүүмжлэл нэлээд бий. Тиймээс улс төрийн намуудын нэр хүндийг өсгөхийн төлөөх том зорилтын төлөө үйл ажиллагаагаа нэгтгэе гэж бодож байгаа юм. Монголд ийм олон нам хэрэггүй. Ард иргэдийн зүгээс "Улс төрийн намууд нэгдэж, үйл ажиллагаагаа хамтдаа явуул" гэсэн захиалга өгдөг.  Улс төрийн үзэл баримтлал зүүн болон баруун гэж хоёр хуваагддаг. Энэ хоёрын нэг нь хэт туйлшраад ирэхээр алдаа дутагдал гардаг. Тиймээс энэ хоёр  баримтлалыг төв рүү ойртуулах үзэл суртал явж байгаа. МАХН, МАН адилхан зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Хоёр адилхан үзэл баримтлалтай нам үйл ажиллагаагаа нэгтгэхгүй байгаа нь юу гэсэн үг вэ гэж их ярьдаг, асуудаг. 

С.Эрдэнэ даргатай улс төрийн нам баруун төвийн үзэл баримтлалтай гэдгээ жилийн өмнө зарласан. Тэгэхээр бусад баруун төвийн үзэл баримтлалтай намууд нэгдээд, үйл ажиллагаагаа явуулах нь зүгээр юм биш үү. Үзэл баримтлалаараа түншилж, хамтын ажиллагаа явуулж эхэлбэл шударга өрсөлдөөн болж, ард түмэнд өгөөжөө өгнө. Тиймээс МАН, МАХН үйл ажиллагаагаа уялдуулж нэгдэх нь зүйтэй гэж би бодож байна. 

-Хоёр нам нэгдсэн тохиолдолд С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно гэсэн үг үү?

-С.Ганбаатар надтай зөвлөхгүйгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн. С.Ганбаатар анхнаасаа сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж ажиллана гэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үед нэр дэвших тухай яриа гарах боллоо. С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална.Одоогоор нэр дэвшүүлэх асуудал дээр албан ёсны шийдвэр гараагүй. Энэ бол хэлэлцээний үед тодорхой шийдэлд хүрэх асуудал. Ажлын хэсэг албан ёсоор ярилцаж, тэр яриан дээр тулгуурлан хоёр нам өөр өөрсдийн шийдвэрээ гаргах байх. Бид бол байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож, энэ гаж тогтолцоогоо засахын төлөөх зорилгоор МАН-аас хүн дэвшүүлэх юм бол дэмжинэ гэсэн бодолтой байна. Хоорондоо өрсөлдөж, саналаа хувааснаар байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгох хүч суларна. Энэ гаж тогтолцоогоо засъя бодохгүй байгаа хүнд Ерөнхийлөгчийн суудлыг алдах юм бол амиа бодсон алдаатай үйл ажиллагаа болж магадгүй. Тиймээс том зорилгын төлөө үйл ажиллагаагаа нэгтгэх нь буруугүй. Энэ бидний хамтын үйл ажиллагаанаас  хамаарна. 

-СХД-т таны хүү Э.Батшугар нэр дэвших үү?

-Шийдэгдээгүй асуудал. Миний ойлгож байгаагаар сонгууль зургадугаар сард биш арваннэгдүгээр сард болох юм шиг байна. Тиймээс бид хэн нэр дэвшихийг нам дээр яриагүй, сайн хэлж мэдэхгүй байна. Энэ талаар таамаглал ч яриагүй. Э.Батшугар гэх залууг зөвхөн миний хүү гэхээс илүү төгссөн сургуультай, өөрийн гэсэн хувийн амьдралтай хүн, түүнд мэдэх чадах зүйл байна уу, үгүй юу гэх мэт талаас нь ард иргэд ойлголттой болсон байх. Ялангуяа СХД-ийн сонгогчид ойлгож авсан гэж бодож байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.