Ерөнхийлөгчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллана.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлын талаар санал солилцов.
Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй. Хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй юм. Харамсалтай нь, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шиг хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүйд хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур, нэн шүүмжлэлтэй хандаж байна. Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим, үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг боосон, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус явдлыг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна” хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.