Ерөнхийлөгчийн сонгуулийн хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар явуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар явуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар явуулах журмыг Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ өчигдрийн хуралдаанаар баталжээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжийн уншсан саналын хуудсыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого явуулах шинэ зохицуулалт орсон. Хяналтын тооллогыг санал хурааж дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагч буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогыг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.

Хурлаар мөн “Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”-ыг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэхүү зааврыг боловсруулахдаа, сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхэд эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалах, хамгаалах, хариуцлагын талаарх зохицуулалт оруулжээ. Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.

Хуралдаанаар сонгууль ажиглах журмыг шинэчлэн баталж, сонгууль ажиглаж байгаа бүх ажиглагчид ёс зүйн дүрэм мөрдөн ажиллахаар болов. Журамд сонгуулийн санал авах ажлын явцыг цахимаар болон хяналтын камераар ажиглах зохицуулалт тусгажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.