УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөлөө

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнийхээ тангаргийг өргөлөө. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Анхдугаар чуулганаар тангараг өргөж амжаагүй гишүүн анх оролцсон чуулганы хуралдаанд тангаргаа өргөхөөр заасан. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы хуралдаанд анх оролцож байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийллээ. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тул тангараг өргөх ёслолоо түр хойшлуулахыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэв. Тэрбээр, "Ж.Эрдэнэбат бол залуугаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдын албыг хашсан, хариуцлага ухамсарлах хэмжээний хүн. Одоогийн нөхцөл байдлаар, шүүхээр эцэслэн шийдээгүй, эрүүгийн хэрэг үүссэн байхад яарч тангараг өргөх хэрэг байгаа юу. УИХ-ын гишүүд парламентад орж ирээд хамгаалагдах үйл явц их гарч байна" хэмээгээд, үүнд Ж.Эрдэнэбат гишүүнийг тайлбар өгөхийг хүсэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, "Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа нөхцөлд УИХ-ын гишүүнийг цагдан хорих нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзээд тухайн үед мэдэгдэл гаргаж байсан. Тухайн үед Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байсан. УИХ-ын тухай хуулийн 9.1-т зааснаар, гэмт үйлдлийн явцад эсхүл гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УЕП-ын газраас УИХ-д оруулж шийдвэрлэдэг. Мөн Үндсэн хуулийн 23.2-т УИХ-ын гишүүний бүрэн эрх төрийн сүлдэд тангараг өргөснөөр эхэлж дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. Мөн Анхдугаар чуулганы нээлтэд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөхөөр хууль заажээ. Түүнчлэн тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт, асууж тайлбар өгөх тухай заагаагүй байна. Энэ дагуу тангараг өргөх ёслол эхэлж байна" хэмээсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.