Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоос гаргажээ

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоос гаргажээ

 Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоос Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргажээ.

 Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг өнөөдөр хүлээн авч уулзахдаа уг дурсгалын зоосны дээжийг гардуулсан юм.

“Сансар-40 жил” зоосонд сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн “Союз-39” хөлгөөр “Салют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын хамтарсан сансрын нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ. Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй “MARS-V” төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр тус төслийн логог дүрсэлжээ.  

Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Салют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг жинтэй гаргаж байв.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн  мөнгийг худалдан борлуулж буй бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас болон 11-329677 утсаар авах боломжтой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.