Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал бий болгоно
Аялал жуулчлалын хөгжлийн төв, Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” цахим зөвлөгөөн өчигдөр зохион байгуулав.
Зөвлөгөөний уриа нь “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал”. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэх, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэхийн тулд дээрх хоёр байгууллагын хамтын ажиллагаа чухал. Иймд цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах, аялагчдын итгэлийг сэргээхийн тулд “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” төслийг АЖХТ, ИНҮТ хамтран эхлүүлж байгаа аж.
АЖХТ холбогдох төрийн болон ТББ, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллахад нээлттэй. АЖХТ-өөс хэрэгжүүлж буй “21 аймаг-21 улс” төслийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудтай хамтран, салбарын олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээ АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ зөвлөгөөний үеэр онцоллоо.
Түүнчлэн, тус төвөөс зохион байгуулсан “Нэг нисэх буудал-нэг бизнес төлөвлөгөө” уралдаанд Увс, Говь-Алтай, Дорнод аймгаас ирүүлсэн төсөл шалгарсныг энэ үеэр зарлав. Эдгээр төслүүдэд бүс нутгийн онцлог, брэнд, орон нутгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг аялал жуулчлалтай хэрхэн уялдуулж, хөгжүүлэх талаар тодорхой тусгасан нь хэрэгжих боломжтойг ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг дурдсан юм.
Цахим зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшил, орон нутгийн нисэх онгоцны буудлын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.