Сурагчдын амралтаар хичээллэнэ.
Гуравдугаар сарын 28-нд хуралдсан Дундговь аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Сургуулийн сурагчид удаан хугацаанд танхимаар хичээллээгүй, зарим хүүхдүүд цахимаар хичээллэх боломжгүй байсан тул сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор сурагчдын амралтын хугацаанд амраалгүй хичээллэх шийдвэр гаргалаа.
Ийнхүү тус аймагт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ажээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусч байгаа тул тус хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн хугацааг сунгаж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Энэ хугацаанд спортын уралдаан тэмцээн, фитнес, тоглоомын газрууд, баар, караоке, олон нийтийг хамарсан уулзалт, хурал гэх мэт иргэдийг олноор нь цуглуулсан үйл ажиллагааг хориглож байгаа.
Коронавирусний халдвар олон аймагт илэрч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор гуравдугаар 28-наас дөрөвдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд голомтот бүс нутгаас ирж буй иргэдийг нэвтрүүлэхгүй бөгөөд эрүүл мэнд, ар гэрийн гачигдлаас бусад шалтгаантай иргэдийн орох хөдөлгөөнийг хоригложээ.
Гэхдээ хүнс, өвс, тэжээл зэрэг ачаа тээврийн үйл ажиллагаанд таван тонноос дээш даацын автомашинд зөвшөөрөл олгож, буяны ажилд оролцохоор ирж буй иргэдийн мэдээллийг нэгтгэн, зөвхөн төрсөн болон ойрын хамаатныг нэвтрүүлэх бөгөөд голомтот бүс нутгаас ирэх иргэд, ачаа тээврийн жолооч нар тусгаарлах байранд долоо хоног тусгаарлагдах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.