Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоовол дөрөвдүгээр сард багтаж нэг сая иргэнээ вакцинжуулна

Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоовол дөрөвдүгээр сард багтаж нэг сая иргэнээ вакцинжуулна

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтан өнөөдөр танилцлаа.
ХСҮТ-д энэ сарын 26-наас хавдартай иргэдэд Файзерын вакцин тарьж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд тус ажлын явцтай танилцсан юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 25 740 тун Файзерын вакцин хандивласан. Тус вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд хийж эхлээд байгаа юм. ХСҮТ-ийн эмч нарын мэдээлснээр, вакцинд хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдаагүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, хяналтад байна. 

Ерөнхий сайд дараа нь ХӨСҮТ-ийн ажилтай танилцлаа. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусний тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол тархалт 6 дугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулав.

УОК-оос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-нд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн "Улаан" түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос дөрөвдүгээр сарын 3-18-нд хөл хорио тавих санал гаргасан. Хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үеэр “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.

Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлага, тархвар судлаачид онцолж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.