Х.Нямбаатар: Оюутолгойн зардлыг шинжилсэн дүгнэлт зургаадугаар сард гарна

Х.Нямбаатар: Оюутолгойн зардлыг шинжилсэн дүгнэлт зургаадугаар сард гарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын багийн хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээллийг танилцууллаа. Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн  45 дугаар захирамжаар дээрх ажлын багийг шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулжээ.

 Тус ажлын багийн бүрэлдэхүүнд зөвшилцсөнөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, ЕТГ-ын дарга Ө.Шижир, холбогдох Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд оролцож ажиллаж байгаа юм байна. Ажлын багийг дэмжих үүрэг бүхий дэд багийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар байгуулж, ажиллах удирдамжийг баталсан байна. Тус ажлын дэд баг нь Санхүүгийн асуудал хариуцсан, Хуулийн асуудал хариуцсан, Дэд бүтэц, техникийн хамтарсан багуудад хуваагдаж байгаа бөгөөд хэсэг тус бүр удирдамжийн дагуу хариуцсан асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулсан гэв.

Ажлын багийн гишүүд 2021 оны гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Рио Тинто, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагатай биечлэн болон цахимаар уулзалт хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авсан. Мөн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, баяжуулах үйлдвэр бусад үйл ажиллагаатай танилцсан болохыг мэдээлэлд дурдлаа. Ажлын багт шаардлагатай чиглэлээр мэргэжлийн туслалцаа, дэмжлэг болох хүрээнд “Их 7”-гийн санаачлагаар байгуулагдсан, Европын холбооны санхүүжилттэй Коннекс ажлын албатай хамтран ажиллаж АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын “Фихтнер” компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байгаа аж. Санхүүгийн зөвлөх үйлчилгээг дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкнаас авах асуудлыг судалж ойрын хугацаанд томилохоор ажиллаж байгааг Х.Нямбаатар сайд мэдээллээ. Ажлын багаас зөвлөх компаниудтай ажиллахдаа Рио Тинто компанитай аливаа сонирхлын зөрчилгүй байх үндсэн шаардлагыг тавин ажиллаж байгаа гэв.

Ажлын багийн ахлагч Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компанийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийсэн. Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл Засгийн газрын Ажлын багтай яриа хэлэлцээ хийх зорилгоор Монгол Улсад ирээд байгаа бөгөөд уулзалт товлох хүсэлтийг хүлээн авчээ. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Рио Тинто компанийн төлөөлөлтэй яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээнүүдийг сайжруулах чиглэлээр ажлын багийн гишүүдээс албан ёсоор ирүүлсэн саналыг нэгтгэсэн. Ажлын багийн гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсний үндсэн дээр Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад мөрдөх Ажлын багийн удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр урьдчилсан байдлаар боловсруулсныг хэлэлцэж, санал солилцсон байна. Гэтэл ажлын багийн энэхүү хуралдааны үеэр ажлын багийн зарим гишүүд зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болохыг мэдээлэлд дурдав.

Ажлын багийн гишүүдийн олонх яриа хэлэлцээг хөрөнгө оруулагч талын төлөөлөлтэй эхлүүлж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх байр суурийг илэрхийлжээ.  

    1. Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК нарын хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох.

    2.“Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих.

    3.Хөрөнгө оруулалтын гэрээ, Дахин тодотгож нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулахаар хэлэлцээ хийх. 

УИХ-ын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулсныг мэдээлэлд дурдав. Тус Түр хорооноос 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ажлын багийн ахлагчид нууцын зэрэглэлтэй “Хуралдааны тэмдэглэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байна. Уг хуралдааны тэмдэглэлд Засгийн газрын ажлын багт 20 асуудлаар чиглэл өгсөн байх бөгөөд зарим чиглэл нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолтой зөрчилдөхүйц агуулгатай байгааг тэмдэглэлээ.

Оюутолгой төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэрлэх үе шат дээр ирээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг эхлүүлж, Оюутолгой төслийг Монгол Улсад үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс үзэж байна. Яриа хэлэлцээг бид нэгдмэл байр суурьтай эхлүүлснээр бодит үр дүнд хүрэх боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2018, 2020 онд тус тус гаргасан татварын актуудаар ногдуулсан нийт нэг их наяд 14.4 тэрбум төгрөгийн татварын өрийг улсын төсөвт төлөөд байгаа аж.

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгуулагдсан Түр хорооноос гаргасан чиглэл нь УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолтой зөрчилдөхөөр байгаа нь ойлгомжгүй байдалд хүргэж, яриа хэлэлцээг нэгдмэл байр суурьтай эхлүүлэх боломжгүй нөхцөл үүсгэхээр байгаа учир уг асуудлыг УИХ-аар нэг мөр шийдвэрлэж, Засгийн газарт нэгдсэн байдлаар тодорхой чиглэл өгөхийг хүслээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. 2018 оны татварын зөрчилд оногдуулсан акттай холбоотойгоор Лондонгийн арбитрын шүүх дээрх асуудалд Монгол Улс сөрөг нэхэмжлэл гарах ёстой гэдэг байр суурийг Н.Алтанхуяг гишүүн илэрхийлээд, татварын өр төлбөрийн талаар тодрууллаа.

 “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийгээд, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж Лондонгийн арбитарт хандсан. Өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсээр байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын хуулиар татварын байцаагч акт тавьсан тохиолдолд шууд татварын өр тооцогдож, маргаантай эсэхээс үл хамаараад дараагийн албадлагын арга хэмжээнүүд үргэлжилдэг зохицуулалтыг ажлын багийн гишүүд тодруулж байв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “Оюу толгой” ХХК-д ногдуулсан татварын төсөвт орж ирсэн нийт дүн 1 их наяд 26 тэрбум төгрөг гэлээ. “Дубайн гэрээ” буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах асуудал амжилттай үргэлжилж байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд хариултын үеэр онцолж байсан. Хөрөнгө оруулагч талаас дээрх төлөвлөгөөг цуцлахад бэлэн байна гэдэг санал хэлсэн, Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах саналтай байгаа гэх ч ажлын хэсэгт орсон манай зарим гишүүн цуцлахгүйгээр хэлэлцээр хийх, сөрөг нэхэмжлэл гаргах замаар арбитраар асуудлыг шийдэх санал гаргаад байгаа гэлээ. Нэг асуудал дээр дотооддоо ийм өөр, өөр байр суурьтай байгаа, цаашдаа энэ асуудлаарх байр сууриа нэгтгэсний дараа үүнийгээ Монгол Улсын Засгийн газар нөгөө талд зохих ёсоор илэрхийлэх нь зүйтэй гэж тэрбээр хэлсэн.  

 

Оюу толгой төслийн мөнгөн урсгалыг дотоодын банкны системээр дамжуулахаас эхлээд ярих, хөндөх олон асуудал бий гэдэг байр суурийг Ж.Мөнхбат гишүүн илэрхийллээ. Эрдэмтэн судлаачид,  манай тал 2051 онд 27 тэрбум ам.долларын өр, хүүгийн алдагдал төлөх тооцоолол хийсэн байдаг талаар дэлгэрэнгүй дурдаад “ 2030 оны үед, 2050 оны эхэнд 3-4 жил л багахан ашгийг Монгол Улс аваад, цаашдаа дандаа алдагдалтай байхаар ийм хэмжээний тооцооллыг ч гаргасан байдаг юм билээ. Ийм нөхцөлийг “Дубайн” гэх гэрээ бүр дордуулсан. Тиймээс энэ гэрээг цуцалж, 4.5 тэрбум ам.долларын зээлийн өрд тооцож байсан асуудлыг, 1.5 тэрбум ам.долларын зээлийн хэтрэлтийн асуудал, Рио Тинто лимитэд интернэшнл холдингд төлж байгаа баталгааны шимтгэл, үйлчилгээний төлбөр, менежментийн үйлчилгээний төлбөр гээд өчнөөн их төлбөрийг зогсоох хэрэгтэй. “Дубайн гэрээ” буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлаад л нөхцөл сайжирна гэж бодож болохгүй. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд эдгээрийг үйл ажиллагаандаа чиглэл болгох нь зүйтэй” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах төдийгүй ирээдүй хойчдоо үлдэх бүхнийг сайжруулах үүрэг хүлээж, ард түмний захиас, хүсэлт, хүлээлтийг биелүүлэхээр ажиллаж байгааг онцолж байсан.

Хөрөнгө оруулагч тал Лондонгийн арбитрын маргааныг түр хойшлуулах саналыг өчигдөр Монголын талд тавьсныг Х.Нямбаатар сайд хэллээ. Харин манай талаас хойшлуулахгүй гэдэг хариуг өгчээ. Зарим гишүүний хэлж байгаа шиг Лондонгийн арбитрын шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргана гэвэл өнөөдөр хэлэлцээр хийх асуудлуудаараа нэхэмжлэл гарган, маргаан үүсгэх нөхцөл гэдгийг тайлбарлав. 

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт, дээрх төслөөс Монгол Улс 71 хувийн өгөөж хүртэж, Оюутолгой 29 хувийг нь авна гэдэг сурталчилгааг анх хийж, гэрээ байгуулж байсныг дурдаад төслийн өнөөдрийн үр өгөөж ямар байгаа талаар тодруулав.

 “Оюутолгой” ХХК 2020 онд ил уурхайгаас 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. 2020 онд ил уурхайгаас 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унц алтыг экспортолжээ. Оюутолгой төсөлд нийт 12 мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд гэдгийг мэдээллээ. 2010-2019 оны хооронд нийтдээ 3 их наяд төгрөгийн татвар, хураамжийг “Оюутолгой” ХХК улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. 2010-2020 оны хооронд 2.8 орчим тэрбум ам.долларыг Туркойс Хилл Ресурсес Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд төлжээ. “Оюутолгой” ХХК нийтдээ 11 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүнээс 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг ОУСК, ЕСБХБ, Хөгжлийн банк тэргүүтэй 20 орчим санхүүгийн байгууллага, компаниас авсан байна. Туркойс Хилл Ресурсес Лтд 7.7 тэрбум ам.долларын хувь нийлүүлэгчдийн зээлийг төлнө гэдэг мэдээллийг Х.Нямбаатар сайд хариултынхаа үеэр онцолж байв. Зээлийн хүү ойролцоогоор жилийн 8 хувийн хүүтэй. “Оюутолгой” ХХК нэмэлт санхүүжилт авах шаардлагатай байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн зээлийн 2.4 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх хугацааг таван жилээр сунгахаар төлөвлөж байгаа гэлээ. “Оюутолгой” ХХК зээлийн санхүүжилт их байгаагаас үүдэн зээлийн хүүнд өдөрт 1.8 сая ам.доллар эргэн төлөхөөр тооцоо гарсныг хуралдааны үеэр хэлж байсан.  

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч энэ хугацаа 22 сараар хойшилсон байна. Зардал нь 1 тэрбум 450 сая ам.доллар буюу 30 хувиар өссөн байна. Далд уурхайн нийт зардлыг 6 тэрбум 750 сая ам.доллар болох тооцоо гарч 2022 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өнөөгийн санхүүгийн загвараараа явах юм бол Монгол Улс 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй. Монголын талын 34 хувийг зээлээр авсан анхны 1 тэрбум нь одоогийн байдлаар 2.2 тэрбум болсон. Санхүүгийн бодит зах зээлийн өнөөгийн үнэлгээ 1.6 тэрбум буюу Монголын тал 600 сая ам.долларын алдагдалтайгаар 34 хувиа эзэмшээд явж байгааг тодотгов. 

Сөрөг нэхэмжлэл, хэлэлцээр гэдэг асуудлыг зэрэгцүүлэх ямар ч боломжгүй гэдэг тайлбарыг тэрбээр дэлгэрэнгүй хийж, холбогдох мэдээллийг өгсөн.  

Оюутолгой төсөлтэй холбоотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу сайжруулах үүргийг ажлын баг хүлээж байгааг онцолж байв. Оюутолгой төсөлтэй холбоотой байгуулсан гэрээ, хэлцэлүүдийг үе шаттайгаар Монгол Улсын одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад илүү үр өгөөжтэй болгон сайжруулах чиглэлээр ажлын баг ажиллаж байгаа гэв. Засгийн газрын ажлын багаас 2020 оны  11 дүгээр сард Рио Тинто компанид “Оюутолгой төсөлтэй холбоотой байгуулсан бүх гэрээний хэрэгжилтийг дүгнээд, үүнтэй холбогдуулан үл ойлголцол үүсээд байгаа, зарчмын зөрүүтэй байгаа асуудлуудыг нэг мөр цэгцэлье” гэх агуулгатай албан бичиг хүргүүлжээ. Тухайлбал, татварын маргаан ерөнхийдөө хөрөнгө оруулалтын гэрээг яаж тайлбарлах вэ гэдэг асуудлаас үүсч байгааг тайлбарлав. Монгол Улсын Засгийн газраас цаашид маргаангүйгээр нэгдсэн ойлголтод хүрч, Оюу толгой төсөлтэй холбоотой байгуулсан бүх гэрээг эргэж харах байр суурьтай байгаа гэх мэдээллийг ажлын баг өгч байв.

С.Бямбацогт гишүүний дурдаж буй тоо бол 2010 оны ТЭЗҮ дээр үндэслэсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед яригдаж байсан гэдгийг ажлын баг тайлбарлав. Тухайн үедээ Монголын талд 53 хувь, хөрөнгө оруулагч тал бол 47 хувийг хүртэнэ гэсэн тооцоог хийж байжээ. Одоо үүнийгээ өөр, өөрөөр тайлбарладаг талаар хэлж байв. Манай талаас Монголын талд хүрч байгаа үр ашиг гэдгийг татвар, хураамж, ноогдол ашиг гэж үздэг байна. Одоогоор ноогдол ашиг гэж байхгүй. 2010-2019 оны хооронд улсын төсөвт нийт 1 их наяд 368.7 тэрбум төгрөгийг ам.доллароор төлсөн бол хөрөнгө оруулагч талд 2.9 тэрбум ам.долларын мөнгөн урсгал хуваарилжээ. Үүний харьцаа нь 33:66, цаашдаа буюу 2015 онд байгуулсан “Дубайн” гэх гэрээний ТЭЗҮ-ээр 2018-2055 он хүртэл мөнгөн хөрөнгийн төсөөлөл дээрхийн адил буюу 35:65 байх юм байна.

Энэ үеэр “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зардлын өсөлттэй холбоотой маргаанууд гадаад улс орнуудад үүсээд байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд өгч байв. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зардлын асуудлаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Рио Тинто компанид асуудал тавьж, хөндлөнгийн шинжээч ажиллуулах санал хүргүүлж байжээ. Том, жижиг хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй ажлын даалгавар боловсруулж энэ оны зургаадугаар сарын дундуур хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарах юм байна. Өөрөөр хэлбэл, далд уурхайгаар босгосон хөрөнгө нь бүтээн байгуулалтдаа зарцуулагдсан эсэх дүгнэлт ирэх зургаадугаар сарын дундуур гарах аж. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлж, хувьцааны үнэ ханшид орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг бодитойгоор өгөөгүйгээс болж хохирол учирсан гэх үндэслэлтэй маргаан үүссэн байгаа юм байна. АНУ-ын Үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл гомдол гаргаад, Нью-Йорк хотноо маргаан үүссэн байгаа гэв.

Ийнхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Энхболд, С.Чинзориг, Т.Аюурсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын багаас хариулт авснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Амралтын өдөр ажиллаж буй шинжилгээний цэгээр зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ, 2021-04-01

Орон нутаг руу явах иргэд аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна. 2021-04-01

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шинжаан, Хонконгтой холбоотой асуудлаар тодруулга өглөө. 2021-04-01

Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ хүчин төгөлдөр болов 2021-04-01

Ерөнхийлөгч Х.Баттулга Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын нарыг хүлээн авч уулзлаа 2021-04-01

Х.Нямбаатар: Оюутолгойн зардлыг шинжилсэн дүгнэлт зургаадугаар сард гарна 2021-04-01

Монгол, Вьетнамын харилцааг сайжруулах таван зорилт дэвшүүлжээ 2021-04-01

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан 2021-04-02

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ 2021-04-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхны бүтээлч байдал дээшилнэ 2021-04-02

Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал болов. 2021-04-02