Цочирдох хэрэггүй, сайн сэргийлэх л үлдлээ

Цочирдох хэрэггүй, сайн сэргийлэх л үлдлээ

Шинэ оны босгон дээр өмнөд хөршөөс гаралтай коронавирусний тухай цочирдом мэдээг монголчууд бид анх сонсож байв. Тэр цагаас хойш аюулт өвчин дэлхийн олон оронд дэлгэрч бид чадлынхаа хэрээр тэмцсэний үр дүнд нэг ч хүнээ өвчлүүлээгүй билээ. Үүний хүчинд хөрш оронд дэлгэрсэн өвчнийг хаалгаараа алхуулаагүй. Харин энэ сарын 2-ны өдөр Францаас ирсэн 57 настай иргэнээс коронавирус илэрсэн нь олныг цочирдууллаа. Өвчилсөн франц иргэнээс эхлээд Засгийн газар, холбогдох бүхий л байгууллагуудыг хараан зүхэж байна. “Болзошгүй” хэмээн Дэлийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж, бөмбөрцөг даяараа тэмцэж байхад бид хэнийгээ хэрхэн буруутгах тухай бодож суух нь даанч өрөөсгөл.

Тэгэхээр бид цочирдож, хэн нэгнийг зүхээд байх хэрэггүй. Харин ч манайхан өвчтэй иргэнийг эрт илрүүлэн, цаг алдалгүй тусгаарлаж байгааг сайшаах хэрэгтэй. Магадгүй бид үүгээрээ азтай улс. Түүнээс бус илрүүлж чадалгүй олон хоносон бол юу болохыг таах ч аргагүй. Бодохоос ч аймаар зүйл болно биз дээ. Тэгээд ч өнгөрөгч нэгдүгээр сараас хойш хоёр сарын турш бид хаяа хатавчаа битүүлж, хаалга үүдээ чандлан сахиж чадсан туршлага байна, мэргэжлийн байгууллагууд ч нойр хоолоо умартан сайн ажиллалаа. Нөгөө талаар иргэд олон нийт ч сэтгэл зүйн бэлтгэлтэй боллоо.

Гагцхүү бид мэргэжлийн байгуул­лагуудаас өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Яахав, монголчууд бид эртнээсээ нүүдэлчин түмэн учраас нэгэн газар удаан тогтдоггүй зуршилтай, цаг мөнхөд хаа нэг тийш явж байдаг улс. Тиймээс хөл хорио тогтоосон хэд хоногт хаа нэг тийш явахгүй мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг мөрдөөд байхад болзошгүй өвчин биднээс холуур өнгөрч таарна. Нэгэнт франц иргэний өвчнийг тогтоогоод тусгаарлачихсан байна шүү дээ. Нөгөө талаар Францын Элчин сайдын яамнаас иргэндээ санаа тавихаа илэрхийлжээ. Магадгүй, тэд иргэнээ тусгаарлан аваад явж ч мэднэ.

Тэгэхээр бид хэн нэгнийг буруут­ган зүхэн сууж байхаар биеийн дархлаагаа дэмжихээс эхлээд хоол хүнсэндээ анхаарах нь юу юунаас чухал болжээ. Аливаа зүйлд өөрөөс шалтгаалах маш олон зүйл байгааг анхаарахад юу нь илүү байх билээ.

Монгол оронд 700 гаруй ургамал ургадгаас 500 орчим нь ямар нэгэн эмийн төрлийг агуулж байдгийг судлаачид гаргаж тогтоосон. Байгаль эхээс урган гарч байгаа ямар ч химийн бодисгүй 500 нэр төрлийн эмийн ургамал идэж байгаа малын мах бол өөрөө юу юунаас илүү эм юм. Энэ бол Монгол хүний биеийн дархлааны нэгэн том хүчин тулгуур гэдэгтэй дэлхийн хаана ч маргахгүй. Азаар Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжөөгүй байна, зуун зуунаар уламжлагдаж ирсэн бэлчээрийн мал сүрэг маань бодит байдлаараа тал дүүрэн бэлчиж байна. Үүнийг бид цагийн дөрвөн улиралд хүнсэндээ хэрэглэдэг.

Монгол мал бол шилэн пүнзэнд химийн бордоогоор тэжээлгэдэг Австралийн үхэр биш, бусад орны тахиа, гахай бүр ч биш учраас өөрийн гэсэн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, цагийн ямар ч үед  хээрийн бэлчээрт онгон дагшин явдаг малын мах өөрөө эм байхаас аргагүй. Нөгөө талаар эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоо ч бидний биеийн дархлааг өргөх нэгэн шалтгаан.

Өмнөд хөрш ч юм уу, дэлхийн бусад хөгжингүй гэх орнуудын хүнсний хэрэглээний ногоо тэр чигээрээ химийн бордооноос гарсан бүтээгдэхүүн байдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэд хүнснийхээ хэрэглээний үр хөврөлийг ч лабораториас гаргаж авч байхад монголчууд эх орны эрүүл хөрснөөс үр хөврөлөө гарган авч, үүнийгээ эрүүл хөрсөнд тарьж ургуулж байгаагаараа туйлын онцлогтой. Өдөр тутмын хэрэглээний гурил ч ялгаагүй, онгон дагшин газар, эх орны хөрс шороонд ургуулсан будаагаар хийж байгаа нь ч бидний дархлааны нэгэн том дэмжлэг гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна ааруул, сүү, цагаан идээ гээд бэлчээрийн малаас гарч буй бүтээгдэхүүн ч нэгэн эм учраас бидний биеийн нэгэн том дархлаа. Дэлхий дахинаа дархлаа дэмжих нэртэй элдэв витамин байдаг ч бидний үндэсний хүнсний хэрэглээний дэргэд жулдана. 

Ийм агуулга бүхий хүнсний хэрэглээтэйгээс гадна Төв Азийн өндөрлөгт цаг агаарын эрс тэс орчинд амьдардаг, тэнгэр нь цэлмэг, агаар нь уужим, хөрс шороо нь эрүүл гээд давуу тал байна. Бид ерөөсөө малынхаа мах, малаас гарах сүү, цагаан идээ, эрүүл агаараа шүтээд явахад айх зүйл юун. Монголчуудын заяа буян их гэдэг үнэн. Аюулт өвчин дэгдээд буй торгон мөчид буюу хаврын тэргүүн сард орон даяар хоёр ч удаа нийт нутгийг хамарсан их цас орж, бүрхүүл тогтлоо. Тэнгэр заяат монголчуудыг тэнгэр харж байна гэх настан буурлууд байгааг би л хувьдаа хүлээн зөвшөөрнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.