Хамаг бүхнээ алдах, хатуу хөл хорихын нэгийг сонгох нь дээ
![Хамаг бүхнээ алдах, хатуу хөл хорихын нэгийг сонгох нь дээ](http://olnodo.com/media/post/2021-04/cGZJYy4OOCd8kpXTHdBzRmk6xrCftJ0hb9IrA1rz.jpeg)
Он солигдохын өмнө “Цар тахлыг дотооддоо алдаагүй есөн сар болсон” хэмээн хөөрцөглөж байсан монголчууд өдгөө “КОВИД-19”-ын халдварт дарлууллаа. Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээгээр бол хоногт 830 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 731 нь Улаанбаатар хотод байгаа аж. Гэтэл Солонгос улсад хоногт 478 тохиолдол илэрсэн байгаа юм. Хүн ам, хот суурингийн хэмжээгээр жишихийн аргагүй зөрүүтэй орнууд шүү дээ. Нөхцөл байдал ийм байтал өнөөдөр цар тахлын талаар ярих хийгээд анхаарах нь өдөр ирэх тусам улам бүдгэрч байна. Уг нь өнгөрсөн жилийн өдийд дотооддоо “КОВИД”-ын халдвар алдаагүй хэрнээ идэвхтэй сэргийлж байсан билээ. Үүнийг нь одоо “Улс төрийн зорилготой зохиомол зогсолт байсан” гэж дүгнэх хүн ч олширсон. Хэдийгээр ямар ч цаад агуулгагүйгээр хичээж ажиллаж байсан байж болох ч амжилтаа хадгалж чадаагүйгээс ингэж шүүмжлүүлэхэд хүрээд байгаа юм. Тэр сэргийлэх арга хэмжээ нь өнөөгийн хүндрэлтэйгээ залгаад Монгол орны эдийн засаг, нийгмийн амьдралыг бүхэлд нь сэхээнд оруулах гэж байгаа нь ч зарим талаараа үнэн гэдгийг амьдрал харуулж байна.
Тийм болохоор Улсын онцгой комисс, Засгийн газарт асуулт тавихаас өөр гарц алга.
Нэгдүгээрт, хатуу хөл хорио тогтоохгүй байснаар эдийн засгаа үнэхээр эргэлтэд оруулж чадаж байна уу. Одоо бол УОК, Засгийн газрын шийдвэрээр үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй байгаа. Зах, худалдааны төвүүд амралтын өдрүүдэд бүрэн зогсож, дэлгүүр хоршоо оройны найман цагт яс хааж байна.
Худалдаа, үйлчилгээнээс Монгол Улсын төр төдийлөн их татвар ашиг олж чаддаггүй. Гэхдээ эдгээр салбарууд хамгийн олон ажлын байрыг хадгалж байдаг юм. Тэд өнөөдөр нам гацаж, ажилчид нь орлогогүй болсон бол жижиг худалдаачид гэр гэртээ эргэлтийн мөнгөө идээд дуусаж байгаа. Ийм алагчилсан шийдвэр зөвхөн төрд ажиллаж байгаа хэсгийг л бүрэн цалингаа авч амьдрахад чиглэсэн харагдаад байна. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд манай төрийн алба бол ялсан намын буюу эрх баригчдын дэмжигчдэдээ өгдөг бэлэг шахуу зүйл болсон шүү.
Хоёрдугаарт, дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор улсын төсөв, хөрөнгийг бүрдүүлдэг нүүрсний экспорт зогсонги байдалд орлоо. Коронавирусний голомт болж өнгөрсөн жилийн энэ цагт шаналж байсан Хятад улс өнөөдөр биднээс сэжиглэж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цар тахлын нөлөөлөөс хамаарч хил гааль дээр асуудал үүслээ. Үүнээс болоод эдийн засгийн гол эргэлтийг бий болгодог уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс экспорт саатаж байна. Өдөрт хэдэн мянгаар хил нэвтрүүлэх боломжтой нүүрсний экспорт дөнгөж 30-хан машин гарч байна. Үүнээс хамаарч хоногт таван сая ам.долларын экспортын орлого алдаж байна. Хил дээрх энэ нөхцөл байдал авлига, хээл хахууль дагуулдаг. Үүнд онцгой анхаарах шаардлагатай” гэж УОК-ынхонд хандаж хэлсэн байна лээ. Тэгэхээр хөл хориог сулруулсан нь эдийн засгаа хорлосон эсрэг үр дүн энэ явдлаас харагдаж байгаа биз.
Дотооддоо өвчнөө дарж дийлэхгүй бол бидэнд найдвар алга. Олон нийтийн цахим хуудасны мэдэгдлээс айсан УОК-ын өөх ч биш, булчирхай ч биш шийдвэрүүд байдлыг улам дордуулж байна.
Гуравдугаарт, УОК, Засгийн газар өдгөө хамаг анхаарлаа вакцинжуулалт дээр тавиад бусад асуудлыг авч үзэх нь багаслаа. Энэ хэрээр олон нийт ч хоёр бөхийн зодоон, эрх мэдэлтний эхнэрийн ааш аяг гэгч юмыг тойрон маргалдаж, өвчнийг мартсан. Гэвч дөнгөж сар гаруйн өмнө “КОВИД” туссан хүн, ойрын хамаарал бүхий этгээдүүд рүү цагдаа, эмнэлэг, онцгойгоос ээлжлэн залгаж, тусгаарлан байранд аваачин бөөцийлдөг байсан байдал өдгөө өөрчлөгджээ. Өнөөдөр өвчин туссан хүн хотын хэмжээнд байгаа цөөхөн шинжилгээ авах цэгт очин дугаарлаж, хэдэн өдрөөр хүлээж гуйж гувшин байж шинжилгээ өгч байна. Шинжилгээний хариу хоёр, гурван өдрийн дараа гарах явдал ч элбэгшив. Тэр байтугай шинжилгээнийх нь хариу эерэг гарсан байхад холбогдох албаны хүмүүс хоног өдөр алдан холбогдож, эмчилгээгээ гэрээрээ хий гэсэн дүрэм журам ярьдаг боллоо. Энэ дунд байгаа түмэн эрсдэлийн талаар нуршаад яахав. Угаасаа эмнэлгүүд өвчтөн хүлээж авах аргагүй болтлоо ачаалалд дарагдчихсан байгаа. Ийм нөхцөл байдал өвчин буурах биш харин улам ихсэх шинжтэй болоод ирлээ. Үүнийг ч холбогдох албаны хүмүүс хүлээн зөвшөөрөөд эхэлсэн байна. Тухайлбал, өчигдөр ЭМЯ-наас хийдэг уламжлалт мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Монгол Улсын хүн амын дунд анх халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш нийт гурван удаагийн хөл хорио тогтоосон байдаг. Хамгийн сүүлд хоёрдугаар сард тогтоосон хөл хориог цуцалснаас 10 хоногийн дараа өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн байна. Өнөөдөр (Өчигдөр 830 бүртгэгдсэн) гэхэд л улсын хэмжээнд хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Хэрвээ энэ хэвээрээ байвал өдөрт бүртгэгдэх коронавируст халдварын тоо мянгыг давна гэх судалгаа бий” гэсэн нь юм.
Түүгээр зогсохгүй ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Ер нь нөхцөл байдал огцом нэмэгдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт халдвар 500 гэж байсан бол өчигдөр 600, өнөөдөр 700 (өчигдөр) гараад явчихлаа. Бид нөөцийнхөө бэлэн байдлыг хангасан байсан учраас ачаалалтайгаа уялдуулаад, шуурхай хариу арга хэмжээний баг ор дэлгэх асуудлыг тухайн үед нь шийдээд явж байгаа. Ялангуяа тохиолдлын тоо 200-400 хүрэх нь гэдэг тооцоооллыг хийсний үндсэн дээр аймаг, орон нутгаас ЭМЯ-наас зохион байгуулалтыг хийж, нэмэлт дайчилгааны багийг авчирсан. Гэтэл тохиолдол 700 хүрч байгаа. Үүнтэй уялдуулаад өнгөрсөн долоо хоногт дахиад Шуурхай хариу арга хэмжээний нэмэлт багийг гаргасан. 48 багийг гаргаж, нийслэлийн шуурхай хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Гэхдээ энэ нь бидний тохиолдол 500, 600 хүрэхэд ийм хэмжээний баг хэрэг болно гэсэн тооцоолол дээр хийгдсэн ачаалал байна. Тохиолдол өсөх хэрээр эрсдэл үүснэ гэсэн үг” гэжээ.
Түүнчлэн “Дэлхий дахинд цар тахал хүн амын дунд өргөн тархсан шатанд хөл хорио тогтоодог. Тэгэхээр Улаанбаатар хотын нөхцөл байдлын хувьд хүн амын дунд өргөн тархсан гэж үнэлж байгаа. Энэ шатанд хамгийн гол авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих. Тэгэхээр бид мэргэжлийн байгууллагын хувьд энэ саналаа тогтмол өгөөд явж байгаа” гэсэн байна. Тийм болохоор л Засгийн газар, УОК унтаа, тоомжиргүй байдлаа орхиж дорвитой шийдвэр гаргах цаг нь болжээ. Хамаг бүхнээ алдах, хатуу хөл хориог сонгох л үлдсэн болов уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.