Чөлөөт бөхийн Европ, дэлхийн олимпын эрхийн тэмцээн хойшлогдлоо

Чөлөөт бөхийн Европ, дэлхийн олимпын эрхийн тэмцээн хойшлогдлоо
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Токиогийн олимпын эрхийн тэмцээн хойшлогдсоныг мэдээллээ. Европ тивийн эрхийн тэмцээн энэ сарын 19-22-нд Унгарын Будапештэд, дэлхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софид явагдах ёстой байлаа. Хэзээ явагдах нь тодорхой болоогүй байгаа ч ДБНХ-ноос Европын тэмцээнийг тавдугаар сарын дундуур, дэлхийн тэмцээнийг зургаадугаар сарын эхээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович “Олимпын бүх эрхийг сонгон шалгаруулах тэмцээнээр олгоно. Гэхдээ одоо дэлхийн хэмжээний цар тахал гарсан үед бид тэвчээртэй, болгоомжтой байх ёстой. Тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдал нэн түрүүнд байх болно” гэж мэдэгдсэн байна.

Энэ сард болох байсан Ази тив болон Африк, Номхон далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн мөн хойшлогдоод байгаа. Харин маргааш Канадын Оттавад эхлэх Панамерикийн олимпын эрхийн тэмцээн хуваарь ёсоор явагдах шинжтэй.

Токиогийн олимпод сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр жин тус бүрд 16 бөх оролцоно. Нур-Султанд болсон ДАШТ-д жин болгоны зургаан олимпын эрхийг олгосон. Үлдсэн арван эрхийг тив, дэлхийн эрхийн тэмцээнээс өгөх ёстой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.