ДЭМБ: БНХАУ-аас бусад оронд халдвар 13 дахин нэмэгдсэн

ДЭМБ: БНХАУ-аас бусад оронд халдвар 13 дахин нэмэгдсэн

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.12/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө. 


ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-аас гуравдугаар сарын 10-нд өгсөн мэдээгээр нийт 118,322 тохиолдол бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 280 хүн нас барж, нийт нас баралт 4292 болсон.

БНХАУ-д нэг өдрийн дотор 31 хүн нас барсан. БНСУ-д 240 хүн шинээр бүртгэгдэж, 60 хүн нас барсан байна. Италид 977 хүн шинээр бүртгэгдэж, 10149 хүн халдвар авлаа. Италид 631 хүн нас бараад байна. Иранд 881 хүн шинээр халдварлаж, нийт 8042 хүн халдвар авснаас 354 хүн нас барсан байна.

Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж байгаа нийт тохиолдол 13 дахин нэмэгдэж, халдвар гарсан орны тоо гурав дахин нэмэгдлээ.

Ирэх долоо хоногт нас баралт, халдварын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлсэн үгэндээ зарим нэг улс орон халдварын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Ийм учраас нөхцөл байдлыг үнэлээд “Ковед 19”-ийг цар тахалын шинжтэй болохыг албан ёсоор зарлалаа. ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад яаралтай хариу арга хэмжээг өдөр тутамд шийдэмгий авахыг сануулсаар байна.

Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь дөрвөн оронд гарч байна. Энэ дөрвөн орноос БНХАУ, БНСУ-д халдварын дэгдэлт эрчимтэй буурч байгаа. Дэлхийн 81 оронд халдвар бүртгэгдээгүй.

Улс орнууд халдварын тохиолдлыг эрт илрүүлж чадвал анхны тохиолдлыг тархаахгүй байж чадна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.