УИХ-ын дарга Г.Занданшатар Сонгуулийн ерөнхий хороонд илгээлт хүргүүлэв,
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад Сонгуулийн төв байгууллагыг үүсгэн байгуулсан өдрийг тохиолдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, хамт олонд илгээлт хүргүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв.
Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монголын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаас Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан түүхтэй.
УИХ-ын дарга илгээлтдээ, "Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монголын ард түмний сонгох, сонгогдох язгуур эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ Сонгуулийн ерөнхий хороо, түүний гишүүд, хамт олон гурван арваны турш нэр төртэй гүйцэтгэсээр өнөөг хүргэлээ.
Сонгуулийн хууль тогтоомжийг боловсруулах, батлуулах, сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах, чөлөөт, ардчилсан сонгуулийн цоо шинэ тогтолцоо бүрдүүлж, төлөвшүүлэх өндөр нэр хүндтэй, хариуцлагатай үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж, бэрхшээл сорилтыг нэр төртэй даван туулж, Монгол төр, Монголын ард түмний эрх ашгийг ямагт эрхэм болгон ажиллаж ирсэн Та бүхний нөр хөдөлмөр, сэтгэл зүтгэлийг талархан тэмдэглэж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 1992 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулийг 8 удаа, Монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг 7 удаа зохион байгуулжээ. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ыг сонгох болон шат шатны нөхөн сонгуулиудыг хуулийн дагуу, сонгогчдын өргөн оролцоог ханган, амжилттай зохион байгуулж ирсэн байна.
УИХ сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Сонгуулийн ерөнхий хорооны зохион байгуулалт, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр олон чухал шийдвэр гаргасан бөгөөд цаашид ч энэ чиглэлээр онцгой анхаарах болно "гэжээ.
Илгээлтийг УИХ-ын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд гардуулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.