“Рамадан” сарыг дуустал хурим, үдэшлэг зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.

Туркт өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол, нас барсан хүний тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан Исламын шашинтнуудын ариун сар болох “Рамадан”-ы эхний хоёр долоо хоногт хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 59 187 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Туркийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Мөн мягмар гарагт халдварын улмаас 273 хүн нас барсан байна.
Р.Эрдоганы мэдээлснээр, хэсэгчилсэн хөл хорионы үеэр сургуулиас өмнөх насны болон ахлах сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид үргэлжлүүлэн танхимаар хичээллэх бол бусад сурагчид зайнаас хичээллэх шаардлагатай ажээ.
Мөн спорт заал, бялдаржуулах төвүүдийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Харин кафе, цайны газар, зоогийн газрууд хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байна. Түүнчлэн “Рамадан” сарыг дуустал хурим, үдэшлэг зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
Засгийн газрын ажилтнуудын хувьд хязгаарлагдмал цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ. Мөн жирэмсэн, архаг хууч өвчтэй, бага насны хүүхдүүдтэй эмэгтэйчүүдийг ажлаас түр чөлөөнө гэж Т.Эрдоган мэдэгдсэн байна. Харин хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээс ажилтнуудаа аль болох гэрээс нь ажиллуулахыг хүсжээ.
“Хэрэв эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр халдварын тархалт саарахгүй бол илүү хатуу хязгаарлалтуудыг тогтооно” гэдгийг Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна. Хэсэгчилсэн хөл хориог лхагва гаргийн оройноос тогтоох ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.