UFC 261: Д.Батгэрэл 50 секундэд хүнд цохилтоор яллаа
АНУ-ын Флорида мужийн Жексонвиллд холимог тулааны UFC 261 тэмцээн болж байна. UFC холбооны хагас дунд жингийн аварга Камару Усман бүс хамгаалах тулаанаа Хорхе Масвидалийн эсрэг хийх бол Киргиз-Перугийн аварга Валентина Шевченко Бразилын Жессика Андрадетай, Хятадын аварга Чжан Вейли АНУ-ын Роуз Намаюнастай аварга цолоо хамгаалах юм.
Тэмцээний хоёр дахь тулаанд Өвөр Монголын Qileng Aori хэмээх залуу АНУ-ын Жефф Молинатай тулалдлаа. Монгол залуу эхний үед илүүрхэн, давамгайлж байсан ч маш их цохилт алдаж байсны харгайгаар оноогоор (29-28, 29-28, 29-27) ялагдлаа. Эхний гурван тулаанд бүгд БНХАУ-ын тамирчид гарсан. Энэ нь ч UFC холбооны бодлого биз ээ.
Тэмцээний дөрөв дэх тулаанд манай тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадтай тулалдсан. Кевин 28 настай. Холимог тулаанд 11 тулалдаж, 9 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй. 5 удаа хүнд цохилтоор, 3 удаа өчиж, боох мэхээр ялж байжээ.
Манай тамирчны хувьд холимог тулаанд 8 ялж, 2 ялагдсан. Тулааны хамгийн том холбоо болох UFC-д гурав дахь тулаанаа хийх гэж байна. Аргентины Guido Cannetti-г ялснаасаа хойш нэг жил, нэг сарын дараа тэмцээнд орж байгаа нь энэ. Цаашдаа UFC-д тулалдахын тулд ялах ёстой тулаан.
Кевин Нативидад жи жицү суурьтай, сүүлийн 6 тулааныхаа тавд нь ялсан байна. Бооцоо тавигчдын ихэнх нь манай тамирчинг ялна гэж үзжээ.
Тулаан эхэллээ. Нэг нэгнээ туршин хэсэг нударга зөрүүлсний эцэст Дана Батгэрэл баруун өшиглөөд, тэр дор нь баруун гарын цохилт угсрууллаа. Кевин цохилтоос зайлан, урагш ирэхэд нь манай тулаанч угтуулан зүүн гараар цохиж унагаан, гүйцээхэд шүүгч Дин тулааныг зогсоолоо. Ердөө 50 секунд.
Тулааны дараа Д.Батгэрэл “Хурдан ялж чадсандаа баяртай байна. Жингийнхээ шилдгүүдтэй үзэлцэх хүсэлтэй” гэж ярьлаа. UFC холбооны анхны монгол тулаанч маань цаашид энэ холбоонд олон монгол залуусыг авчрах гайхамшигтай чухал ялалтыг авчирлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.