QR кодоор зорчих журмыг Хуульзүйн сайд Х.Нямбаатар танилцуулж байна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар автомашины QR код олгох асуудлаар мэдээлэл хийж байна./2021.04.25/
Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. УОК-оос уг шийдвэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг гаргаад байна.
Хатуу хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынхан замын хөдөлгөөнд оролцохдоо тодорхой цаг, маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код авах талаар тогтоолд заажээ.
Х.Нямбаатар “Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног сунгасан хугацаанд хөдөлгөөнийг илүү хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Монгол Улсад нийлүүлэгдэх вакцины нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа. Засгийн газрын 45 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлана. Замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 41.593 тээврийн хэрэгсэлд QR код олгоно гэсэн шивэлтийг хийлээ.
Ирэх 14 хоногийн хугацаанд төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хамгийн бага түвшинд аваачиж, хөдөлгөөнийг хязгаарлана.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд салбарын сайдын тушаал, Нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.
Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй буюу одоо ажиллаж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код олгоно.
QR код олгохтой холбоотой журмыг УОК-д танилцуулна. 18:00 цагаас хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ.
Энэ удаагийн QR код 14 хоногийн турш үйлчлэх код, нэг удаагийн код гэсэн хоёр янз байгаа. Иргэдэд QR код өгөхгүй. Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилчид замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодоос гадна ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхээ авч явах ёстой. QR код ашиглан хөдөлгөөнд оролцоход цагийн зохицуулалт хийнэ. 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино гэв.
Өмнө нь QR код авч, замын хөдөлгөөнд оролцож байсан байгууллагуудын, бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд www.smartcar.mn сайт руу орж, тээврийн хэрэгслийн дугаараа оруулан, хүсэлтээ илгээж, хэвлэж авах юм.
Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй, шинээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлт илгээнэ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:
- Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
- Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.