Хөдөөгийн сумын иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гаргав.

Хөдөөгийн сумын иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гаргав.

Ховд аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосонтой холбогдуулан зэргэлдээ аймаг, суманд байршилтай гэртээ харьж чадаагүй иргэд нэлээд буй. 

Гэтэл Ховд аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг (улаан түвшин)-д шилжүүлсэн хугацааг дахин сунгаж, 2021 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлав. 

Иймээс аймгийн төв буюу Жаргалант суманд хөл хорионд байгаа хөдөөгийн 16 сумын зарим иргэнээс хурдавчилсан оношлуураар коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ авна. Улмаар нэгдсэн журмын дагуу шинжилгээний хариуг үндэслэн сум орон нутаг руу нэвтрүүлэхээр болжээ.  

Эхний ээлжинд дөрөвдүгээр сарын 26-27-ны өдөр өөрийн аймгийн сумын иргэдийг орон нутаг руу нь явуулах ажил зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан аймаг, сумын Онцгой комиссын гишүүд нарийвчилсан судалгаа гаргаж, бэлтгэл хангажээ.

Дараа нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумын иргэдийг орон нутаг руугаа зорчих хүсэлт, тухайн аймгийн Онцгой комисс нь иргэнээ хүлээн авахаас татгалзаагүйг илтгэсэн зөвшөөрлийн бичгийг үндэслэн зохих журмын дагуу хяналтын цэгээр нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэллээ.  

Аймгийн төв буюу Жаргалант сумаас хөдөөгийн иргэдийг хяналтын цэгээр дамжуулан нэвтрүүлэх хуваарь гарсан байна.  

Мөн иргэдийн анхаарах зарим зүйлийг танилцуулбал:

Орон нутаг руу явах иргэд хуваарийн дагуу тогтоосон цагаас 30 минутаас нэг цагийн өмнө тухайн хяналтын цэг (пост)-т очно.

Шинжилгээ сөрөг гарвал шууд нэвтрүүлнэ. Харин нэг машинд зорчиж буй иргэдээс нэг нь эeрэг гарвал тухайн машинд суусан бүх зорчигчийг тусгаарлан дахин PCR шинжилгээ авна.

Сум бүрийг эрх бүхий албан тушаалтанд хариуцуулсан ба тухайн сумын Онцгой комисстой харилцан тохиролцож, тодорхой нэг обьeктод орчин бүрдүүлж шинжилгээнд хамруулна.

Зарим сумын иргэдээс зохион байгуулалтын дагуу нэвтрэх хяналтын цэг дээр тухайн зорчигчдыг автомашинаас нь буулгахгүйгээр шинжилгээ авна.

Иргэдийн зорчих автобус бусад унааны жолооч нар сумын Онцгой комисс болон сум хариуцсан аймгийн Онцгой комиссын гишүүн, албан тушаалтантай холбогдож шатахуунаа хаанаас авах талаар мэдээлэл авна.

Иргэн бүр халдвар хамгааллын дэглэм баримтлах ба "баталгааны хуудас" бөглөж гарын үсэг зурна.

Сумын иргэдийг Жаргалант сумаас тээвэрлэх автомашиныг Цагдаа, Онцгой байдлын газрын хөтөч машинаар чиглүүлж шатахуун олгон, шинжилгээнд хамрагдсан иргэдийг суулгаж, дагалдах бичгийн хамт тухайн сумын чиглэлийн хяналтын цэгээр нэвтрүүлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.