Спортын салбарын 32 байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгоно

Спортын салбарын 32 байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгоно

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад өмчийн бүх хэлбэрийн 686 мянга 880 ам дөрвөлжин метр талбай бүхий 1068 спорт заал, 336 мянга 288 ам дөрвөлжин метр талбай бүхий 852 гадаа талбай байна. Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног, төхөөрөмж хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан. 2020 онд 46 аж ахуйн нэгж, 5 иргэний импортолсон нийт 2,8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног, төхөөрөмж, хэрэглэлд ногдох 379,2 сая төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдав. 

Мөн тэрбээр, "Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сумдад орон тооны биеийн тамирын арга зүйчийг ажиллуулах чухал заалт тусгасан. Үүнийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны жилийн эцсийн байдлаар 60 арга зүйч ажиллаж байгаа бол 2022 онд 50, 2023 онд 90, 2024 онд үлдсэн 130-аар нэмнэ. Биеийн тамирын салбарыг цахимжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Салбарын мэдээллийн дэд бүтцийг байгуулах хүрээнд босоо удирдлага зохион байгуулалтын тогтолцоонд ажиллах болсноор 32 байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгох, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаанд программ хангамжийг нэвтрүүлэх, 747 албан хаагчийг техник хэрэгслээр хангах, ажлыг төлөвлөн үе шаттай хэрэгжүүлж байна. Салбарын үйл ажиллагааг цахим суурьтай болгох хүрээнд нэгдсэн мэдээллийн цахим сангийн программ хангамжийг хөгжүүлж байна. Дээрх сангийн хөгжүүлэлтийн хүрээнд цол зэргийн систем, статистикийн систем, шигшээ багийн систем, спортын байгууллагын систем, спортын тэмцээн уралдаан, сорилын систем тус тус хөгжүүлэн салбарын үйл ажиллагааны нэгдсэн платформ үүсгэж байна. Цол зэрэг, тэмцээн уралдаан, сорил, ажил үйлчилгээг “E-Mongolia” системд холбох суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм" гэлээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэллээ. 

Гишүүд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, цаашлаад хүүхэд, залуусын бие бялдрыг эрүүл чийрэг, өв тэгш хүмүүжүүлэх, монгол хүний дундаж наслалтыг уртасгахад баримталж буй бодлого, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг хөгжүүлэхэд их, дээд сургуульдтай хамтарч ажиллаж байгаа эсэхийг тодруулав. Мөн Биеийн тамирын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эл салбарын хүний нөөц, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын шинжлэх ухааныг бие даасан шинжлэх ухааны салбар болгон хөгжүүлэхэд анхаарах зэрэг бодлогын шинжтэй зарчмын томоохон асуудлуудыг тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, "Салбарын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулr, ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт эл хичээлийн цагийг нь нэмэх талаар салбарын яаманд санал хүргүүлээд байгаа. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулснаас хойш үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулж спортын шинжлэх ухаан, сэтгэл судлал, хоол судлалын чиглэлээр их дээд сургууль, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар спортын 44 холбооноос 32  нь ёс зүйн дүрмээ батлаад тамирчид, дасгалжуулагчдаа мөрдүүлэн ажиллаж байна гэв.

Ингээд байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтийн талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулав. Ажлын багт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ё.Баатарбилэг, Ж. Чинбүрэн, Т.Энхтүвшин нар багтаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.