МАН МАХН НЭГДЭХ ШИЙДВЭРТ ХҮРЛЭЭ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.04.27/ цахимаар хуралдаж, МАХН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Нөгөө талд МАХН-ынхан ч цахимаар хуралдаж, МАН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
Тэгвэл хоёр намын нэгдлийн талаар яг одоо ТВ9 телевизээр "МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Уг хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцож, байр сууриа илэрхийлж байна.
-Н.ЭНХБАЯР: ХОЁР НАМ НЭГ ОЙЛГОЛТОД ХҮРЛЭЭ-
МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР: Өнгөрсөн 100 жилийн түүхээ бодож, үүсэл нэг хийгээд үзэл бодол нэгтэй хоёр намын хувьд нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтыг шийдэх түүхэн боломжийг цаг хугацаа олгож байна. Тиймээс өвгөдийнхөө хийсэн, бүтээсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Хоёр нам нэг ойлголтод хүрлээ. Нэгдэх үйл ажиллагаа идэвхтэй явж байгаад баяртай байна.
Д.ТОГТОХСҮРЭН: ХОЁР НАМ НЭГДЭХ АСУУДАЛ ТАВАН ЖИЛ ЯРИГДСАН-
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: МАН, МАХН хоёр бол угсаа нэг, өмнө нь нэг нам байсан. Энэ хоёр намын хувьд хэд, хэдэн бодлого дээр нийлдэг. Хоёр нам бол зүүн төвийн үзэл баримталтай. Н.Энхбаяр ч гэсэн намын дарга байхдаа энэ үзэл баримтлалыг барьж байсан. Хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр нь нийгэмд шударга ёсыг тогтоох, эв нэгдэлтэй байлгахад чиглэсэн бодлого, чиглэл нь нэг байна. Нэгдэх асуудал олон жил яригдаж байна. Таван жил яригдаж байна. Энэ он гарсаар энэ чиглэлээр нэлээн идэвхтэй ажиллаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Д.АМАРБАЯСГАЛАН: ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ХАМТДАА ЗҮТГЭХ НЬ ЧУХАЛ-
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН: МАН, МАХН хоёр намын нийлэх асуудал багагүй хугацаанд яригдлаа. Энэ ажил амжилттай явагдаж байна. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа. Тиймээс бидний ажил цаашид амжилттай үргэлжилнэ.
-Б.ТУЛГА: ХОЁР НАМ НЭГДЭХ ҮЙЛ ЯВЦ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ТУЛГА: Хоёр намыг нэгдүүлэх үйл явц үргэлжилж байна. Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой. Тиймээс тодорхой зорилгын төлөө нэгдэх үйл явцыг харж байна. Тухайлбал, хүний эрхийг өндрөөр үнэлсэн хууль, эрхзүйн орчныг бий болгохын төлөө хоёр намын гишүүд дэмжиж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.