Л.Энхсайхан: БНХАУ-ын “Вероселл” вакциныг жирэмсэн хүнд тарихгүй
БНХАУ-ын “Вероселл” вакциныг жирэмсэн хүнд хийх талаар хориглох заалтад орсон тухай ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэв.
Тэрбээр, уг вакциныг хөхүүл эхчүүдэд хийж болно гэдгийг албан ёсны зааварт нь тусгасан. Тиймээс хөхүүл хүнийг “Вероселл” вакцинд хамруулж болно гэдгийг тодотгосон юм.
Харин “Файзер” вакцины эхний тунг хийсний дараа харшил илэрсэн бол эсрэг заалттай гэсэн үг юм. Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд мэдээлэл нь харьцангуй бүрэн гүйцэд судлагдаагүй учир эмчийн заавраар хийж байгаа. 16-аас дээш насны хүнд энэ вакциныг хийж болно.
“Синофарм” үйлдвэрийн вакцины тухайд харшилтай, уналт таталт өгдөг бол эсрэг заалттай буюу хийж болохгүй. Гэхдээ сүүлийн нэг жилд уналт таталтын сэдрэл өгөөгүй бол тариулж болно.
“Спутник V” вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж болох, эсэх мэдээлэл одоогоор байхгүй. Судалгаа нь үргэлжилж байна. Энэ нь хос вектор агуулсан вакцин тул “Астразенека”-гийн вакцинтай үйлдэл нь төстэй.
Тэрбээр, “Спутник V” вакцины хувьд манай улсад маш цөөхөн буюу хэдхэн цагийн дотор хийж дуусахаар 20 мянган тун ирж буй. Мөн хоёрдугаар тун ирэх хугацаа нь хойшилж ч магадгүй байна. Үйлдвэрлэгчээс ирсэн зааварт тун хоорондын хугацааг 21-90 хоног хүртэл гэж заасан. Энэ нь заавал “Спутник V” вакцин хийлгэнэ гэж хүлээж байгаа иргэдийн хувьд хоёрдугаар тунгаа авч амжаагүй үедээ халдварт өртвөл хэр хүндрэх эрсдэл нь хүн бүрт харилцан адилгүй байна гэсэн үг. Тиймээс вакцинд хамрагдахаасаа өмнө дархлаа тогтох хүртэл эрсдэлээ тооцож үзэх нь чухал” хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.