“Их 7”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондонд эхэллээ
"Их 7"-ийн гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт өнгөрсөн даваа гарагт Их Британийн нийслэл Лондон хотноо эхэллээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойш зохион байгуулж байгаа анхны нүүр тулсан уулзалт бөгөөд халдвар хамгааллын өндөржүүлсэн дэглэм дор болж байна.
Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хамгийн түрүүнд Лондон хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр түншүүд, холбоотнуудтайгаа дахин уулзахдаа таатай байгаагаа илэрхийлжээ.
"Их 7" орны гадаад хэргийн сайд нарын уулзалт 2 өдөр үргэлжилнэ. Хэлэлцэх гол сэдэв нь цар тахалтай тэмцэх, дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа аюул, сорил бэрхшээлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой байхыг мэдээлсэн.
Түүний дотор Орос Украины хил дээр үүсээд байгаа нөхцөл байдал, химийн зэвсгийг хориглох, хүний эрх, кибер аюулгүй байдал, Хятад ОХУ-ын идэвхжил зэрэг асуудлыг хэлэлцэх тухай Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн юм. Түүнчлэн Их 7 орны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хэлэлцэх сэдвийг батлах юм. "Их 7"-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад Европын Холбоо, АСЕАН, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.