БНСУ, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нар Лондон хотноо уулзана
БНСУ, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нар Их Британийн нийслэл Лондон хотноо орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө гурван талт уулзалт хийнэ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нар гурван орны гадаад хэргийн асуудал хариуцсан өндөр албан тушаалтнуудын хувиар жил гаруйн дараа анх удаа уулзах гэж буй нь энэ юм.
Мөн Чон Ый Ён, М.Тошимицү нарын анхны биечлэн хийсэн уулзалт болох бөгөөд талууд хоёр талын харилцаанд үүсээд буй асуудлуудын улмаас Чон Ый Ёныг энэ оны хоёрдугаар сард үүрэгт ажилдаа орсноос нь хойш хоорондоо холбоо тогтоогоогүй байжээ.
АНУ-ын хувьд дайны үеийн албадан хөдөлмөр, бэлгийн мөлжлөгтэй холбоотой асуудлууд болон Токиогийн засаг захиргаанаас Сөүлд тавьсан экспортын хязгаарлалтаас үүдэн удаан хугацааны турш маргаж буй Азийн хоёр холбоотныхоо харилцааг сайжруулахыг эрмэлзэж буй үед энэхүү уулзалт болж байна.
Мөн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ыг чиглэсэн бодлогоо нягталснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөг хяналтдаа байлгах, БНАСАУ-тай цөмийн асуудлаар хэлэлцээ өрнүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахад гурван талын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.