Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шат дараатай хална

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шат дараатай хална

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэв.

Эхний ээлжинд ажлын даалгавар нь бэлэн болсон 16 аймгийн 54 сумын 190 орчим, дараагийн ээлжинд 16 аймгийн 50 сумын 150 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг солино.

Улсын хэмжээнд 351 сургууль, 226 цэцэрлэг, 242 дотуур байр нийт 819 нүхэн жорлонтой гэсэн судалгаа гарсан. 373 сургууль, цэцэрлэг, дотуур байр инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, зөөврийн усан хангамжтай байна. Энэ оны эхний улирлын байдлаар 190 сургууль, 325 цэцэрлэг, 94 дотуур байр төвлөрсөн шугамд холбогджээ.

Нүхэн жорлонг халахад шаардагдах 50 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд гаргана. Үүнээс гадна төсвийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлж байгаа 117 төсөл, арга хэмжээний хүрээнд тодорхой тооны сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгох юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.