Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын суулт хийж байгаа гишүүдтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн дараа намын даргаас чөлөөлөгдсөн С.Эрдэнэд улсын бүртгэлийн байгууллага шинээр тамга олгосон нь хууль бус үйлдэл гэдгийг тайлбарлаж байв. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тухайн тамгыг түдгэлзүүлсэн. Мөн УДШ 2021 онд гурван удаа тогтоол гаргаж С.Эрдэнийн намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг татгалзсан. Гэтэл УДШ-ээс 2017 онд түүнийг намын даргаар томилсон тогтоолыг үндэслэн лавлагаа олгосноор, СЕХ-ноос С.Эрдэнийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авсанд гомдолтой байгаагаа учирлав. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Улс төрд 30 гаруй жил сууж буй тулхтай улс төрчийнх нь хувьд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагч Д.Чинтулга гэдэг хүний намын тамгыг хуурамчаар үйлдэх эрх олгосон баримтыг өгсөн. Нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж байх үед улс орны хөгжлийг гэгээлгээр ярьж байсан. Гэтэл долоон минутанд хууль баталсан түүхэн явдал боллоо. АН-аас 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүний хувьд, та бүхэнтэй жич уулзаж санал солилцох зүйл байна. Ирээдүйн ардчиллын төлөөх асуудлыг хөндөх нь зүй" хэмээв.
Энэ үеэр АН-ын хуульч О.Алтангэрэл, "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, Ерөнхийлөгч та хориг тавьсан. Хориг тавьсан хуулийн хэрэгжих хугацаа нь давхацсан тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл нь зогсоно гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үйлчлэл зогссон гэсэн үг. Гэвч УИХ-ын чуулганаар өнөөдөр хоригийг хэлэлцсэнгүй. Тийм байтал СЕХ уг хуулийн үйлчлэлээр нэр дэвшигчийн материалыг хүлээн авч шалгах ажиллагаа явуулж байна. Мөн АН-ын бүлгийн гишүүдийн өгсөн материалыг хүлээн авахгүй, шаардлагад хариу өгөхгүй байгаа. " хэмээгээд хориг тавьсан хуулийн үйлчлэл нь зогссон гэдгийг олон нийтэд ойлгуулахыг уриалав.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн АН-ын дарга С.Эрдэнэ тус намын дарга хэвээр байгаагаа зарлахын зэрэгцээ намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр талаас нэр дэвшигчээ тодруулаад байгаа юм. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй талаас С.Эрдэнэ нар Ерөнхийлөгчөөр нэр дэвшихээр болсон. Харин СЕХ-ноос С.Эрдэнийн материалыг хүлээн авахаар шийдвэрлэснийг УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн эсэргүүцэж, тав нь суулт, өлсгөлөн зарласан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.