Урамшуулал олгох журмын төслийг буцаав.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 7-ны өдөр цахимаар болж, Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлсэн болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн болон кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.
Тухайлбал, өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа эх үүсвэр дээр багасгасан, үйлчилгээний хураамжийг тогтмол төлдөг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох юм. Харин хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал олгох аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх журмын төслийг бусад хууль, тогтоомжтой уялдуулж, илүү сайжруулах, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, боловсронгуй болгож, дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.