Казахстанд цар тахлын улмаас Ялалтын өдрийн уламжлалт баярыг хойшлуулжээ
Казахстанд коронавирусний халдварын тархалтын байдал хүнд байгаатай холбогдуулан Аугаа Эх орны дайны Ялалтын ойг тохиолдуулан тэмдэглэдэг уламжлалт баяр ёслолыг ирэх жил хүртэл хойшлуулсныг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уали мэдээлжээ.
Түүний мэдэгдсэнээр, Казахстаны төрийн тэргүүн иргэддээ Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлнэ. "Казахстанд Аугаа Эх орны дайны ахмад дайчид, арын албаны ажилчдын дурсгалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Аугаа Эх орны дайны Ялалтын баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад дайчдад тусламж үзүүлсэн" гэж Уали тэмдэглэсэн байна.
Цар тахлын улмаас энэ жил мөн Ялалтын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал хийхгүй байхаар шийдвэрийг Казахстаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд мөн нийслэл хотод болох цэргийн парадыг цуцлах шийдвэр гаргаж байсан билээ.
Казахстаны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр, одоогийн байдлаар Аугаа Эх орны дайнд оролцож явсан 665 ахмад дайчин эсэн мэнд аж төрж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.