Хятадын ашиглалтаас гарсан пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унажээ

Хятадын ашиглалтаас гарсан пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унажээ

Хятад улсын өнгөрсөн сард хөөргөсөн пуужингийн эх бие хүн амын суурьшлын бүсэд унаж болзошгүй гэсэн болгоомжлол өнгөрсөн долоо хоногийн турш яригдсан юм.

Дэлхийн тойрог замд сансрын хөлөг тээвэрлэн хүргэх үүргээ гүйцэтгэсний дараа уг пуужин ашиглалтаас гарч, хог хаягдал болсон байна. Тэгвэл пуужингийн эх бие Ням гарагт агаар мандалд нэвтрээд үлдэгдэл нь Энэтхэгийн далайд унасан тухай Хятадын сансар судлалын агентлаг өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирснийхээ дараа шатаж устсан бөгөөд үлдэгдэл хэсэг нь Мальдивын арлуудаас баруун зүгт далайн усанд унасан байна.

18 тонн жинтэй Long March-5b пуужин нь сүүлийн гуч орчим жилийн хугацаанд дэлхийн агаар мандалд жолоодлогогүй орж ирсэн сансрын томоохон хог хаягдлуудын нэг юм. Тиймээс АНУ, Европын сансрын агентлагууд пуужингийн уналтын зам маршрутыг хяналтдаа аваад байв.

АНУ-ын засаг захиргаа Хятадын талд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин Хятад улсын төрийн төв хэвлэл өрнөдийн орнууд эрсдлийг "хэт хөөрөгдөж" байгааг шүүмжилж, пуужингийн үлдэгдэл олон улсын усан бүсэд унахаар тооцоолсныг мэдээлж байжээ.

“Сансрын уудмыг эзэмшигч улс орнууд дэлхийн хүн ам, эд хөрөнгөд учруулж болзошгүй аюулыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Сансрын хог хаягдлын стандартыг Хятад улс хангаж ажиллаагүй нь тодорхой байна” гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин пуужинг далайд унахаас өмнө мэдэгдэж байв.

Гэхдээ мэргэжилтнүүд манай дэлхийн гадаргын ихэнх хэсгийг далай эзэлдэг, хүн амьдардаггүй эзгүй газар нутаг их байдаг тул пуужингийн үлдэгдэл хүмүүст аюул учруулах магадлал маш бага гэж үзэж байжээ.

Long March-5b пуужин нь Хятадын анхны сансрын станцын гол модулийг дөрөвдүгээр сарын 29-нд тойрог замд хүргэснийхээ дараа ашиглалтаас гарч, өндрөө алдаж эхэлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.