Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна.

Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна.

-“Рио тинто” Монголын “Хэрлэн говь” төсөлд хамтран оролцох шаардлага гарлаа-

Өнөөдөр “Говьд ус эрдэнэ үү, зэс эрдэнэ үү” гэж асуувал, “Зэс эрдэнээ зөв зохистой олборлож, ашиглаад цэвэр ус аваад уучихад болно” хэмээн тайлбарлаж дөнгөх улсууд олон бий. Ялангуяа, олон гэрээ хэлэлцээр, гадна дотны хөрөнгө оруулалт ярьж, хэлэлцдэг хэсэгт. Гэхдээ жинхэнэ говийн малчнаас энэ талаар асуувал чулуугаар нүүлгүүлнэ. Говьд ус гэдэг зүйл зэс, алт битгий хэл хүний амьтай дүйцүүлэн үзэх сургаал байгалиас заяажээ. Өнөөдөр бол Говьд худаг уснаас болж айл саахалтынхан хүртэл өөр хоорондоо зодолдож нүдэлдэх тохиолдол олон гарах болсон. Энэ нь Монголын хээр талд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хүчтэй нөлөөлсөн, мөн уул уурхайн компаниуд төрөлх нутгийг нь эзэлж авснаас улбаатай.  Ус хүний анхдагч үндсэн хэрэгцээ боловч Оюутолгой, Тавантолгойн ордуудын бүсийн усны хэрэглээний 80 орчим хувийг уул уурхайд хэрэглэж байгаа гэдэг судалгаа байна.    

Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай эд мөнгөний хэлэлцээ хийж буй энэ үед байгаль орчны асуудлаа ч нэг мөр болгож авах ёстойг эх сурвалжууд хэлж байгаа. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр Монголын байгаль орчинд учруулсан хамгийн том хор хохирол бол дахин нөхөн сэргэхгүй гүний усыг ашиглаж байгаа явдал гэдгийг судлаачдын хүрээнд олон жил хэлэлцсэн. “Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш Говийн Гүний хоолойн ус нөөц ордыг ашиглаж байгаа. Үндсэндээ тус компани 2011 оноос хойш бүрхэг тооцооллоор жилд дунджаар 14-16 сая м3 ус хэрэглэжээ. Өнгөрсөн оны эцэст, нийт ашигласан гүний усны хэмжээ 120 сая м3-ээр хэмжигдэж байна. Тэгвэл 2013-2020 онд ус ашигласны төлбөр хэлбэрээр улсад төлсөн мөнгө нь 114 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс харахад, “Оюутолгой” компани жилд 14-16 сая м3 ус хэрэглэж, төлбөрт нь 14-17 тэрбум төгрөг Монголд төлдөг гэж ойлгож болох нь. Үүнийг Монголын төрийн байгууллагууд бага ус хэрэглэж байгаа мэтээр тайлбарладаг бөгөөд жилийн эхэнд өгсөн төлөвлөгөө нь хэт өндөр байдагтай холбоотой аж. Анхандаа тус компани Гүний хоолойн ус нөөцийн 20 хувийг Оюутолгойд ашиглан гэх тооцоог хөрөнгө оруулагчдын зүгээс танилцуулсан байдаг. Тодруулбал, 2008 онд Гүний хоолойн газрын доорх усны ордоос нэг секундэд 870 литр буюу хоногт 75,168 м3 ашиглах зөвшөөрөл авсан байдаг аж. Энэ нь явсаар секундэд 918  литр өссөн. Ерөнхийдөө манай төрийн мэдэж буй тоо нь албан бичигт ингэж буужээ. Гэвч байгаль орчны мэргэжилтнүүдийн зүгээс яг Монголын төр яг хэдий хэмжээний ус хэрэглүүлж буйгаа мэддэггүй гэдэгтэй санал нэгддэг. Шалтгааныг нь манайхан “Оюутолгой” компанийн усны тоолуурыг хянах эрх мэдэлгүй, яг нарийн тоо бүртгэлийг нь олз үздэггүй  хэмээн тайлбарладаг.  Иймээс л монголчууд энэ удаад байгалийн баялгаасаа ашиг хүртэх эсэхээс гадна байгаль орчноо хамгаалан авч үлдэх ёстой гэж үзэх хүн олон байна.

Ийнхүү Говийн усны нөөц секундээр дундарч байхад Оюутолгой ордын Монголд ирэх ногдол ашиг 2051 он хүртэл хойшлоод байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго танилцуулсан. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн зардлыг санаатай өсгөсөн гэдэг маргаан газар авахаас өмнө 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхайг Монголын Өмнөговьд ашиглалтад оруулна гэдгээ зарлаад байлаа. Үүний зэрэгцээ олон жилийн татварын маргаан ч явж ирсэн. Хөрөнгө оруулагчдын сүүлд танилцуулсан эдийн засгийн тооцооллоор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2022 оны аравдугаар сард дуусна. Улмаар 2028-2036 онд Оюутолгой ил болон далд уурхайгаас жил тутам 480,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоотой байгаа. Тэгвэл энэ өсөлтөөс Монголд ирэх ашгийн хэмжээ 2051 оныг хүртэл тэг байх тооцоог Б.Солонго тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид хийсэн байгаа юм. Магадгүй, “Оюутолгой” компанийн өр, төлбөр нэмэгдсээр байвал, Монголд ирэх ногдол ашгийн хугацаа бүр ч хойшлох боломжтой аж. Эдийн засгийн ашиг энэ мэтээр хойшлох бол Оюутолгойн ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр усны хэрэглээ төдий чинээгээр өсөх тооцоолол мөн  бий.  Дэлхийн банкны дэргэдэх Усны нөөцийн бүлгээс хийсэн тооцооллоор, Тавантолгой, Оюутолгойн бүсийн уул уурхайн усны эрэлт 2019 оныхтой харьцуулахад 2030 онд өсөлтийн бага хувилбараар 1.2 дахин, дундаж хувилбараар 1.6 дахин, их хувилбараар 2.1 дахин өсөх төлөвийг өнгөрсөн жил танилцуулсан байдаг. Тиймээс  Оюутолгой уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх шатанд ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэрийн усны эрэлтийг нарийвчлан тооцох зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулсан байгаа юм.

Мөн Монголын шийдвэр гаргах түвшинд Говийн усыг уул уурхайд ашиглах талаар хэлэлцэх бүрд Оюутолгойд хамгийн төд хэмээн “Хэрлэн говь” төслийг урагшлуулах хөнддөг. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан  өнгөрсөн сард УИХ-д хийсэн танилцуулгадаа “Цэнгэг усыг 2030 он гэхэд уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана” хэмээн ам алдсан байна лээ. Тухайн үед Монголын томоохон гол мөрний урсацыг тохируулан Говийн бүсийн уул уурхайд хүргэх асуудлыг дурдсан. Энэ талаар “Алсын хараа-2050” хөтөлбөр цаашид Говийн гүний усны нөөцийг хадгалж, хамгаалахын тулд “Хэрлэн говь” төсөл, “Хөх морь” нэрээр  Оюутолгой ордод хүрэх төлөвлөгөө гарчээ. Тэгэхээр “Оюутолгой” компаниас эхлээд Говийн гүний усны хэрэглээгээ бууруулахын тулд дээрх төслүүдэд Монголын талтай хамтран ажиллахаас өөр гарцгүй болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр Нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороо хуралдана. 2021-05-11

Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. 2021-05-11

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна. 2021-05-11

Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ 2021-05-11

Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна. 2021-05-11

Импортын өндөгний үнэ жилийн өмнөхөөс 120 төгрөгөөр өсжээ 2021-05-11

АНУ Pfizer вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг ЗӨВШӨӨРЛӨӨ 2021-05-11

О.Амартүвшин: Экспортыг дэмжихийн тулд нэг компани биш нийт компаниудыг дэмждэг байх хэрэгтэй. 2021-05-11

Озэки цолтнуудаас гурав нь өвдөг шороодлоо 2021-05-11

Нийслэлийнхний 94 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна. 2021-05-11