НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаанаар  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэгдүүлэхийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахыг хүсэлтийг удаа дараа Улсын Их Хурлын дарга болон Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг чиглэлийг ын зүгээс Нийгмийн бодлогын байнгын хороонд өгсөн. Байнгын хороо энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамнаас мэдээлэл, лавлагаа авч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийнхээ хүрээнд шийдвэрлэх үүргийг 2021 оны хоёрдугаар сараас хойш өгсөн ч өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурал энэ сард багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг онцгойлон сануулья. Нэр бүхий гишүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг өнөөдөр хэлэлцэх гэж байна” гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 14 хувь буюу тус бүрдээ 7 хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан хуулиар өөрчилж, 19 хувь буюу тус бүрдээ 9.5 хувь болгохоор шийдвэрлэсэн.

Ажил олгогч болон даатгуулагчид санхүүгийн шууд дарамт үүсгэхгүй байх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөл тусгасан байсан. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувийг Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдсөн гэдгийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн үед, ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж болон иргэний орлогод нөлөөлж байна гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн байна. Энэ хүнд цаг үед аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг төрөөс хийж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл  ажил олгогч болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжүүлж байна. Төрөөс дэмжлэх үзүүлэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч цар тахлын нөлөө нүүрэлсэн энэ цаг үед олон арван аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрч, ажил эрхэлж буй хүмүүсийн ашиг орлого буурснаар эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгааг төслийн танилцуулгад дурдсаныг Т.Энхтүвшин гишүүн танилцууллаа. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхой хувиар бууруулахаар төсөл санаачлагчид төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр тусгасан байна. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээг 1 хувиар буурах юм. Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүссэнийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн яамны төлөөллөөс хариулт авлаа. 2008 онд АН “Дөрвөн 10-ын бодлого” хэрэгжүүлнэ гэдэг үндэслэлээр  нийгмийн даатгалын шимтгэлийг огцом буюу 5 хувиар бууруулсан. Үүнээс үүдэн холбогдох сангийн орлого буурч, алдагдал үүссэн гэдэг тайлбар, мэдээллийг С.Чинзориг гишүүн өгөв. Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВСантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед тус сангаас, өмнөх үеийн шийдвэрээс үүдсэн нөхцөл байдлыг засахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг анх байсан хэмжээнд хүргэх зөвлөмж өгч, шаардлага тавьсан. Энэ дагуу 2017 онд дээрх шийдвэр гарсан хэмээн С.Чинзориг гишүүн хэллээ. Цар тахлын нөхцөлд төр, засгаас бизнесийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалахыг дэмжих зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэрээр дурдаад, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг батлах тохиолдолд хуулийн зохицуулалтыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх саналыг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулахын оронд тус зохицуулалтын хэрэгжих хугацааг хойшлуулах талаар судалсан эсэхийг төсөл санаачлагчдаас тодрууллаа. Төсөл санаачлагчид холбогдох судалгаа, тооцооллыг хийсэн бөгөөд цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй, түүнээс үүдсэн нөлөөлөл, хугацаа ч тодорхойгүй байгаа, эдийн засгийн сэргэлтийг баримжаалж болохгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэзээ хэвийн болохыг хэлж ч мэдэхгүй нөхцөл үүсээд байгаа. Тиймээс ажлын байрыг хадгалж үлдэх шаардлагын үүднээс шимтгэлийн хувь хэмжээг бууруулах нь оновчтой гэж үзсэн байна. 2017 онд  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үед цар тахлын талаар ямар ч төсөөлөл, тооцоололгүй байсныг Т.Энхтүвшин гишүүн дурдаад, үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн төр засгаас зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэв.

Төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын санд ямар нөлөө үзүүлэх талаар Б.Саранчимэг гишүүн тодруулсан. Төслийн зохицуулалттай холбоотой тооцооллоор 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 94.5 тэрбум төгрөг, 2022 оноос жил бүр 198.9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс тус санд олгож байх шаардлага үүснэ гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг дарга энэ үеэр “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас ирүүлсэн хүсэлт, энэ дагуу Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу манай Байнгын хороо ажиллаад дараах тооцоог гаргасан. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл шимтгэл нэмэгдүүлэхийг хойшлуулвал 140 орчим тэрбум төгрөг, харин 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл шимтгэл нэмэгдүүлэхийг хойшлуулвал 94 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай” гэсэн нэмэлт мэдээллийг өгөв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дэлгэрэнгүй хариулт мэдээлэл өгөв. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар хэлэхдээ “2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сар дуустал нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлсөн. Мөн оны аравдугаар сараас хойш 2020 он дуустал зөвхөн тэтгэврийн шимтгэлийг 5 хувиар төлсөн байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн төрийн албан хаагчид болон орон нутгийн, төрийн өмчит байгууллагууд нэмэгдсэн дүнгээр буюу ажил олгогч болон даатгуулагч тус бүр 9.5 хувиар шимтгэлээ төлөөд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн тэтгэмжүүдийн даатгалаас бүрэн чөлөөлөгдсөн. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байраа хадгалахад маш том дэмжлэг болсон бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн хувьд тоо буураагүй, харин ч өсөлттэй дүн гарсан” гэлээ. Төслийн зохицуулалтыг Засгийн газар зарчмын хувьд дэмжсэн гэдгийг мөн тэрбээр мэдээлсэн. Сангийн яамны зүгээс төслийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 буюу “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” зохицуулалтад нийцүүлж авч үзэх саналыг албан ёсоор хүргүүлсэн гэдгийг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хэлэв. Түүнчлэн холбогдох асуудлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд багц дотроо шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Д.Батлут гишүүний тодруулсны дагуу А.Ариунзаяа сайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны энэ талаарх зөвшилцөл, шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тус хороо асуудлыг зөвшилцөөд, 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. Харин Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлд энэ нэмэгдлийг бүр цуцлах зохицуулалттай байгааг анхаарах нь ёстой гэлээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор улсын төсвийн орлого 10 орчим хувийн бууралттай байгааг Сангийн яамнаас дуулгав. Төсөл батлагдаад, нэмэлт эх үүсвэр шаардагдах тохиолдолд орлогын нэмэгдэл эх үүсвэр дайчлахад хүндрэлтэй, тиймээс батлагдсан төсвийнхөө хүрээнд хэмнэж болох зардлыг эргэж харах, үүнтэй уялдуулан шийдвэрлэх гарцыг Сангийн яамны зүгээс эрэлхийлнэ гэв. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын зүгээс эрх зүйн орчныг бүрдүүлээд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх чиглэлийн арга хэмжээнд одоогийн байдлаар 38 мянган ажил олгогч, 572 мянган даатгуулагч хамрагдаж, нийтдээ 720 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэх тооцоолол гарсныг М.Оюунчимэг гишүүн дурдаад, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах энэ шийдвэрийг дэмжсэн тохиолдолд нөгөө талдаа төсөвт зохих хэмжээний ачаалал үүснэ гэдгийг тэмдэглэж байв. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал, түүнээс үүдэх нөлөөллийг харгалзан, шаардлагатай бол ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүддээ төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх асуудлыг анхаарна гэдгээ Засгийн газрын тэргүүн илэрхийлсэн болохыг тэрбээр дурдав. Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нийгмийн даатгалын багц хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ сардаа багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх үүргийг өгөв.

Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.