НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Москвад айлчиллаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотод айлчилж байна. Лхагва гарагт тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, Украин, Палестин-Израилийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Антонио Гутерреш мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй онлайн уулзалт хийх юм.
Гутеррешийн хэлснээр, тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай аюулгүй байдлын гол гол асуудлыг, тэр дундаа Ливи, Сири, Йемен, Украин, Афганистан дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр зорьжээ.
Москвад хийх айлчлалын зорилго нь энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгал, биологийн олон янз байдал, хүний эрхийн асуудал зэрэг бүхий л салбар дахь ОХУ, НҮБ хоорондын хамтын ажиллах бэхжүүлэх явдал гэж НҮБ-ын тэргүүн онцолсон байна. Талууд Иерусалим дахь хурцадмал байдлыг мөн хөндөх гэнэ.
Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хүндэт доктор цолыг олгоно.
ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр орлогч дарга Дмитрий Полянский Москва Антонио Гутеррешийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хоёр дахь удаагаа өрсөлдөх талаарх байр суурийг сонсох сонирхолтой буйг илэрхийлсэн. Антонио Гутеррешийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа юм. Шинэ ЕНБД-ыг томилох үйл явц албан ёсоор эхлээд байгаа бөгөөд одоогоор цорын ганц нэр дэвшигч нь Антонио Гутерреш өөрөө юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Москвад хийх айлчлал энэ сарын 14-ийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.