ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хуулийн төсөлд:
-Дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгох, улмаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Гэмт хэрэг, эөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан тодорхой торгох ял, зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмг хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байх;
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт нь орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх;
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын статус болон санхүүжилтийг тодорхой болгох зэрэг зохицуулалтууд туссан байна.
Хуулийг баталснаар цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргээ дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалт, мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарч, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж, ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.
2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хуулиар иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.
Түүнчлэн хамт батлагдсан Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг уялдуулах, чиг үүргийг оновчтой хуваарилах, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулахаар тусгагдсантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь 7 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журам, зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх, зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл, мөн хуульчийн эөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгох, зөвшөөрөл олгох шалгалт, түүнийг зохион байгуулах журам, хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах, хуульчдын бүртгэл, тэдний давтан сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт тавих шаардлага болон сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, “хуульч” нэрийг хэрэглэх, хуульчийн нийтлэг эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц болон ёс зүйн дүрэм, Хуульчдын холбооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл
Сүүлийн үед технологийн хурдацтай дэвшлийн үр нөлөөгөөр зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь санхүүгийн инноваци болон үр ашигтай байдал, хүртээмжийг нэмэгдүүлж буй хэдий ч зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гэмт хэрэгтэн, террористуудад мөнгө угаах, эсвэл өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх арга замуудыг бий болгох сөрөг үр дагавар дагуулж байна. Эдгээр технологийн дэвшилт шийдлүүдийн нэг нь виртуал хөрөнгө бөгөөд цаашид энэ төрлийн шинэ санхүүгийн үйлчилгээний тоо ихсэх хандлагатай байгаа юм.
Тиймээс ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт Зөвлөмжид тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгөд” нэгэн адил үйлчлэхээр тогтоожээ.
Монгол Улс ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн юм.
Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь тус технологийн шийдлийг буруугаар ашиглах, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хор хөнөөл учруулах магадлал өндөр байна гэсэн үг.
Иймд, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.