Хөхүүл эмэгтэйн нас баралт вакцинтай холбоогүйг урьдчилсан байдлаар тогтоожээ
Манай улсад вакцинаас болж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг ЭМЯ-наас албан ёсны цахим хуудсаараа 21.30 цагт мэдээллээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нярай хүүхэдтэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ очоод нас барсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Цар тахлын үед ард түмнээ халдвараас сэргийлж богино хугацаанд хамгаалахад вакцины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул ЭМЯ-наас энэхүү мэдээллийг хийж буйгаа онцлов. Урьдчилсан байдлаар, уг эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай холбоогүй болохыг тогтоожээ.
Энэхүү эмэгтэй 43 настай, 5 дугаар сарын 9-ний өглөө 10.46 цагт вакцинд хамрагдаад нэг хоногийн дараа буюу 10-ны 21.40 цагт нас барсан байна. Төрсний дараах 40 дэх хоног дээрээ байжээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэхдээ, “Аливаа вакцинжуулалтын дараах хариу урвал хүндрэлийн шалтгааныг тогтоох хороо багаар ажилладаг. Энэ удаагийн тохиолдолд задлан шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар, нас барсан шалтгаан вакцинтай холбоогүй болохыг тогтоосон. Талийгчийн онош нь тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгтээ судасны том хэмжээний цүлхэн /аневризм олон улсын нэршлээр/-тэй байсан байна. Цүлхэн хагарснаас тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэнээс нас баржээ.
Сүүлийн таван жилийн байдлаар, жилд 6200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтдэг, тусламж үйлчилгээ авдаг ч нас барах эрсдэл өнлөр, 60-87 хувь нь тусламж үйлчилгээ авч чадахгүй эсвэл тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас бардаг. Мэс заслын эмчилгээний дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай, үхэл өндөртэй эмгэг юм. Сүүлийн үеийн судалгаагаар, жилд 10 орчим жирэмсэн эмэгтэй болон хөхүүл ээжид энэхүү эмгэг тохиолддог байна. 2019 оны байдлаар, цус харвалтын улмаас хоёр эх эндсэн статистик тоо бий.
Энэхүү тохиолдлын хувьд, задлан шинжилгээний дүнгээр, судасны аневризм нь шалтгаан тодорхойгүй буюу даралт ихсэх, гэмтлийн болон төрөлхийн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэхүү эмэгтэй даралт ихсэх өвчний улмаас сүүлийн жилүүдэд хяналтад байсан, жирэмсний карт дээр нь даралт ихсэх эмгэгийн талаар бүртгэлтэй, хяналтад байсан байна.
Санамсаргүй байдлаар оношлогддог уг эмгэг ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Бусад шалтгаанаар шинжилгээ хийх явцад илэрдэг. Судасны аневризм нь вакцинжуулалтын үетэй давхцан тархинд цус харваж нас барсан байна. Тиймээс олон нийтийн сүлжээгээр вакцины улмаас хөхүүл эмэгтэй нас барсан гэсэн мэдээлэл тарж байгаагаас цаашид хөхүүл, нялх хүүхэдтэй ээж нар айдас төрөх, вакцинжуулалтад хамрагдахгүй байх, “Ковид-19”-өөр халдварлах эрсдэл байж болзошгүй тул ЭМЯ-наас энэхүү мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдэж байна. Энэ хүний хувьд өөр суурь эмгэгийн хүндрэлийн улмаас нас барсан нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхацсан.
ЭМЯ болон эрүүл мэндийн салбарынхны өмнөөс харамсалтайгаар залуу ээж өвчний улмаас нас барсанд эмгэнэл илрэхийлж байна. Цаашид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхээ илэрэхийлж байна” хэмээв.
Эрдэмтдийн хэлж буйгаар, вакцинтай холбоотой урвал хүндрэл эхний 30 минутад гардаг. Тиймээс иргэдийг вакцинтай холбоотой аливаа ташаа мэдээлэлд автахгүй байх, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхад анхарахыг ЭМЯ-наас хүсэв.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/263703
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.