Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт ирсэн даруйдаа Хонгор сумын нэгдүгээр багийн нутагт 180 га талбайд барьж буй “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалттай танилцлаа. Төслийн хүрээнд жилд 10 сая арьс шир, 10000 тн ноос, 1000 тн ноолуур боловруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар эхний бүтээн байгуулалт үргэлжилж байна.
“Дархан арьс ширний цогцолбор”-ын ерөнхий инженер Б.Ганбат үйл ажиллагаагаа танилцуулсны дараар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ: Манай улс зөвхөн уул уурхай биш хүнс, хөдөө аж ахуйн орон. Тийм учраас бид махаа экспортолдог, арьс, ширээ боловсруулдаг байх хэрэгтэй. Энэ агуулгын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл дээр Дархан-Уул аймагт арьс боловсруулах үйлдвэрийг барьж байгуулж байна. Хэрвээ танилцуулга дээр дурдсан шиг тэр бүр нэмүү өртөг шингээж чадахгүй түүхий эдийг илүү эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах тал дээр анхаарна.
Мөн бид малаа төрөлжүүлэх цаг болсон. Малын тоогоор уралдах бус, малын чанар болон малаа экспортод гаргах зүйл рүү хандаж түүнийг Засгийн газар дүгнэдэг бодлогыг барих цаг болсон. Мал эрүүл байх тал дээр анхаарч, маш сайн вакцинжуулж чаддаг, гарал үүслийн сертификатыг олон улсын түвшинд цахимжуулах хэрэгтэй. Ингэж байж монгол малын мах дэлхийн зах зээлд гарч, эдийн засагт хувь нэмрээ оруулна. Товчхондоо уул уурхайн нуруун дээр буй 93 хувийн эдийн засаг тэнцвэржиж ирнэ. Зөвхөн уул уурхай бүхнийг үүрэх бус бусад нөөц боломжоо ашиглах цаг болсон.
Ийм чиглэлийн далайцтай ажлуудыг хийхийн тулд бид өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэхүү төсөл Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй 100 төсөлд орсон учраас ямар байдлаар санхүүжилтийг дэмжих үү, Засгийн газрын зүгээс бодлогын хувьд хэрхэн дэмжих талаар судална гэлээ.
“Дархан арьс ширний цогцолбор”-ын хүрээнд барьж буй үйлдвэрүүд байгуулагдснаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингэсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой. Тус цогцолбор ашиглалтад орсноор 7500 орчим байнгын ажлын байр бий болно гэсэн судалгаа бий. Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулаан шугам 50 хувь, гадна дулааны 3,9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.