Нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй

Нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй

Өнөөдөр /2020.03.19/ болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийв.

Тэрбээр "Ноолуур бол сэргээгддэг алт. Энэ жил Монгол Улс 70.9 мянган мал тоолуулсан. Гуравдугаар сарын сүүлээр малчид ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 хувийг дотооддоо боловсруулсан. 65 хувийг анхан шатны тордолт хийж экспортод гаргасан бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно үзэж байна. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцож тогтоолд малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг таван хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн таван хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар боллоо. 

Мөн энэхүү тогтоолд төр болон аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тодорхой тусгаж өгсөн. Зээлийн хүүг бууруулах болон зээлийн олдцыг нэмэгдүүлэх тал дээр төр анхаарч байгаа учраас энэхүү боломжийг үр ашигтай ажиллах тал дээр үйлдвэр болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана. 

Төрийн дэмжлэгтэй ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийг зарлах бөгөөд тухайн үйлдвэрүүдэд ноолуураа тушаасан малчдад урамшуулал олгоно. 

Нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана. Малчдыг ноолуураа борлуулах гэж яаралгүй, анхан шатны тордолт хийж үнийн дүнг нь багадаа 100 мянган төгрөгт байлгахаар ажиллаж байгаа тул боловсруулалтаа сайн хийхийг зөвлөж байна" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.