БНСУ-д зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана
БНСУ-д “COVID-19” халдвар голомтлон тархсан хэвээр байгаатай холбогдуулан одоогоор хэрэгжиж буй хүн хоорондын зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдээлэв.
“Улсын хэмжээнд өдөрт бүртгэж буй халдварын тохиолдлын тоо 500-гаас буурахгүй байна. Бид энэ цаг үед сонор сэрэмжээ сулруулж болохгүй” гэж тэрбээр нийслэл Сoүль хотноо болсон “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн ээлжит уулзалтын үеэр мэдэгджээ.
Гэсэн хэдий ч асрамжийн газрын ахмадуудыг эрт вакцинжуулсантай холбоотойгоор хүндээр өвчлөх хүмүүсийн тоо буурч байгаагаас гадна эмнэлгийн ор хүрэлцээтэй байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Журмыг сунгаснаар БНСУ-ын 52 сая хүн амын тэн хагас нь оршин суудаг Соүлийн бүсэд зай барих хоёрдугаар түвшний журмыг ирэх долоо хоногоос гурван долоо хоногийн хугацаанд үргэлжүүлэн баримтлах бол бусад бүсэд 1.5 дугаар түвшин хэвээр хэрэгжих ажээ.
Мөн таваас олон хүн нэг дор цуглах, зоогийн газар, кафе зэрэг үйлчилгээний газруудад мөрдөж буй хязгаарлалтуудыг дахин гурван долоо хоногийн турш баримтлах шаардлагатай болж байна.
“COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 26-наас эхлүүлсэн БНСУ-д пүрэв гаргийн байдлаар 1 482 842 хүн буюу хүн амын 2.9 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бол 3 772 599 хүн /7.3 хувь/ эхний тунг тариулжээ. Түүнээс 2.05 сая хүн "AstraZeneca", 1.7 сая хүн "Pfizer"-ийн вакцин хийлгэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.