“Залуус-хөгжлийн түүчээ” сорил, эсээ бичлэг, видео илтгэлийн уралдаан боллоо.
Энэ оны 04 сарын 26-наас 05 сарын 21-ний хооронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С. Бямбацогтын санаачилга, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эсээ бичлэг, видео илтгэлийн уралдааныг Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар амжилттай зохион байгууллаа. Уралдааны шилдгүүд шагналаа гарджээ.
Тус уралдаан нь 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх суралцагчдын нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын сэтгэлгээ, хандлагыг тодорхойлох, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилготой байлаа. Суралцагч хүүхдүүдээ уралдаант шалгалтын үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжийг олгох, хугацааны хувьд дөхөөд байгаа Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө мэдлэг ухаанаа уралдуулж өөрсдийн чадавх, нөөцөө дүгнэн үзэх нөхцөлийг бүрдүүлсэн үйл ажиллагаа болж чадлаа.
Уралдаанд нийт 1630 төгсөгч сурагчид оролцсон бөгөөд бүртгэлээс эхлээд шагнал гардуулах хүртэл шалгаруулалтын бүхий үйл ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй, ил тод амжилттай зохион байгуулсан юм. Уралдаанд оролцогчдын амжилтаар эрэмбэлэхдээ сорил даалгаврыг гүйцэтгэсэн оноо, эсээ бичлэгээс авсан оноо, видео илтгэлээс авсан оноонуудын нийлбэрээр дүгнэсэн байна.
Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бусдаасаа манлайлан оролцож тэргүүн байранд нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12а ангийн суралцагч Амгалан овогтой Цэлмүүн, дэд байранд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын “Мэргэд” сургуулийн 12б ангийн суралцагч Чимэддулам овогтой Оюунзул, Гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ын 12г ангийн суралцагч Мөнхбат овогтой Мөнх-Эрдэнэ, тусгай байранд Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” ахлах сургуулийн 12б ангийн суралцагч Нямчулуун овогтой Энхжин, нийслэлийн “Орчлон” сургуулийн 12а ангийн суралцагч Амгалан овогтой Далайзаяа нар тус тус шалгарлаа.
Уралдааны эхний байр эзэлсэн сурагчдыг 1-5 сая төгрөгөөр урамшуулж байгаа бол оролцсон бүх сурагчид гарын бэлэг хүргүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.