ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс /2021.05.24/ албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан МАН-аар нэр дэвшигч У.Хүрэлсүхэд үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр нэр дэвшигч У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор эхэлж байна. Надад асар их хариуцлага үүрүүлж, итгэл үзүүлж нэр дэвших боломжийг олгосон журмын нөхдөдөө баярлалаа. Хамт нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа сонгуульт ажилд нь амжилт хүсэж байна. Энэ бол УИХ-ын сонгууль биш. Улс төрийн намын сонгууль биш. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль. Хуулийн хүрээнд явагдах ёстой. Ил тод, шударга, нээлттэй өрсөлдөөнийг зохион байгуулж явуулахыг хүсэж байна. Аль болох сонгуулийн зардлыг хэмнэж, хямд өртгөөр явуулах нь зүйтэй. Үүнийг бусад хоёр намаас нэр дэвшигч уриалсан, санал нэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлж, хамгаалдаг институт" гэв.
Түүнчлэн "Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. Хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарч ажиллана. Шүүх, прокурорын ажиллах орчинд ихээхэн анхаарна. Нэг ёсондоо хүн засагладаггүй, хууль засагладаг болоход анхаарна, тийм ч болох ёстой. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно. Парламентын засаглалыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно гэдгийг онцолмоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Байгалийн баялагтаа Монгол хүн эзэн нь байх ёстой. Өнгөрсөн хугацаанд хууль бусаар алдагдсан орд газрыг төрдөө авах ажлыг их хийсэн. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тиймээс Монголын иргэн бүр энэ байгалийн баялгаас ижил тэгш хүртэх ёстой. Энэ чиглэлд анхаарал тавьж ажиллах ёстой гэж үзэж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.